Хүн төрөлхтөний амар амгалан, энхтайвны бэлгэ тэмдэг болсон зуны олимпийн 31-р наадам эхлээд хоёр өдөр болжээ. Наадмын нээлтээсээ эхлээд ногоон гэх тодотголыг зүүсэн энэ удаагийн наадмын эхний хоёр өдрийн алтан мөчүүдийн талаар товч тоймыг та бүхэндээ хүргэе.
Вьетнамчуудын анхны алт
1952 оноос хойш зуны олимпийн наадамд оролцож ирсэн Вьетнамчууд өдийг хүртэл алтан медал хүртэж байсангүй. Энэ удаагийн олимпийн наадамд ч мэргэжилтнүүд Вьетнамчуудыг алтан медал хүртэнэ гэж таамаглаагүй байсан байх. Тэгвэл зуны олимпийн 31 дэх наадмын эхний өдөр зохиогдсон 10 м-ын хийн гар бууны төрөлд Вьетнамын тамирчин Хон Шуан Вин алтан медал хүртлээ. Энэ төрөлд олимпийн 3 удаагийн аварга, 2012 оны олимпийн 10 метрийн хийн гар бууны төрөлд аваргалсан Өмнөд Солонгосын тамирчин Жин О Жон, энэ төрөлд 2008 оны Бээжингийн олимп, 2006 оны Дэлхийн аваргад түрүүлж байсан БНХАУ-ын тамирчин Пан Вей, 2013 оны Европын аварга, Италийн тамирчин Жузеппэ Жиордано нарын зэрэг хүчтэй өрсөлдөгчид олон байсан. Тэр дундаа өмнөх олимпийн аварга Жин О Жоныг алтан медал хүртэх өндөр магадлалтай гэж таамаглаж байсан ч түрүүлж чадаагүй юм. Энэ удаагийн олимпийн наадамд Вьетнамчуудын анхны алтан медалыг авчирсан Хон Шуан Вин нь 202,5 оноо авч улмаар Олимпийн рекордыг шинэчлэн тогтоосон юм.
“Би үнэхээр баяртай байна. Энэ төрөлд дэлхийн олон шилдгүүд байсан болохоор би зөвхөн өөрийнхөө чадах ёстой зүйлээ л хийхийн тулд анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлсэн. Финалын буудалтанд би өөртөө итгэлтэй байсан. Миний талд байсан Вьетнамын бүх ард түмэндээ баярлалаа” гэж олимпийн шинэхэн аварга Хон Шуан Вин ярьжээ.
Усанд сэлэлтийн төрөлд дэлхийн рекорд шинэчлэгдэв
Рио 2016 Зуны олимпийн наадмын эхний өдөр усанд сэлэлтийн төрөлд дэлхийн рекорд хоёр ч удаа шинэчлэгдэн тогтоогдлоо. 400 метрийн холимог сэлэлтийн төрөлд Унгарыг төлөөлж оролцсон Каттинка Хоссчу 4:26.39 гэсэн амжилтыг үзүүлж, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож, олимпийн аваргаар тодорлоо. Өдгөө 27 настай тэрээр энэ төрөлдөө өмнө нь 2009, 2013, 2015 онд дэлхийн аварга болж, 2010, 2012, 2016 онуудад Европ тивийн аварга болж байсан юм. Нэг ёсондоо энэ удаагийн олимпийн наадамд алтан медаль хүртэх магадлалтай хамгийн боломжит тамирчин нь тэр байсан юм. Энэ төрөлд 2012 оны олимпод аман хүзүүдэж байсан Испанийн тамирчин Мирея Белмонтэ хүрэл медаль хүртсэн бол АНУ-ын тамирчин Майа ДиРадо мөнгөн медал хүртсэн байна.
Харин 4*100 метрийн багийн холимог буухиа сэлэлтийн төрөлд Австралийн охидууд амжилттай сэлж, улмаар дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож, Олимпийн наадмын аваргын титмийг зүүсэн юм. Товчоор хэлбэл Австралийн сэлэгчид өөрсдийнхөө тогтоосон амжилтыг өөрсдөө эвдсэн нь энэ. Тэд шигшээ уралдаанд 3:30.65 цагийг үзүүлсэн нь 2014 оны дэлхийн аваргад өөрсдийнхөө тогтоосон амжилтыг эвдэхэд хангалттай байжээ. Харин мөнгөн медал хүртсэн АНУ-ын сэлэгчид Америк тивийнхээ рекордыг тогтоосон бол хүрэл медал хүртсэн Канадын сэлэгчид улсынхаа рекордыг шинэчлэн тогтоосон юм.
Харин 400 метрийн холимог сэлэлтийн эрэгтэйчүүдийн төрөлд Японы сэлэгч Косуке Хагино түрүүлсэн бол 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд Австралийн сэлэгч Мак Хортон тэргүүлсэн билээ.
Жүдогийн төрөлд эзэн орны тамирчид барцадтай байлаа
Жүдогийн эхний өдөр эзэн орныхонд ээлтэй байсангүй. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд эзэн орны Фелипэ Китадай, 48 кг-ын жинд Сара Мэнезес нар дагах барилдаанд ялагдаж, медалиас мултрав. Харин 60 кг-ны төрөлд Дэлхийн 1, Европын 2, Олимпийн мөнгөн медальт Беслан Мудранов Казахстаны жүдоч Сметовыг шигшээ барилдаанд юко үнэлгээгээр хожиж, олимпийн аварга болсон юм. Тэгвэл эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд хүч үзсэн Паула Парето шигшээ барилдаанд Жон Бо Кёнг вазари үнэлгээгээр ялж, олимпийн медалиа ихэрлүүлсэн билээ. Тэрээр өмнө нь 2008 оны олимпод энэ жиндээ хүрэл медаль хүртэж байсан юм.
Монголын легионер хүрэл медаль хүртэв
2015 оноос хойш Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг энэ удаагийн олимпийн наадамд хүрэл медаль хүртэж, Казахстаны эмэгтэй жүдогийн төрөлд анхны олимпийн медалийг авчирч түүхэнд нэрээ бичүүлэв. Тэрээр D хэсгийн эхний барилдаанаа Гвиней-Биссаугийн тамирчинтай хийж, вазари үнэлгээгээр хожсон ч дараагийн шатанд Японы тамирчин Кондо Амид цэвэр ялагдаж дагах барилдаанд Унгарын Эво Черновичкиг цэвэр ялж хүрэл медаль хүртсэн билээ.
Тайландын анхны алт
Энэ удаагийн олимпийн наадмын хүндийг өргөлтийн тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Тайландын тамирчин Сопита Танасан түрүүлж, тус улсын түүхэн дэх анхны алтан медалийг хүртлээ. Тайландын хүндийг өргөлтийн түүхэнд хамгийн амжилттай тамирчин гэгдэх тэрээр дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан удаатай. Тэрээр нийлбэр дүнгээр 200 кг-ыг өргөж, энэ удаагийн олимпийн аваргын титмийг хүртсэн юм.
Тайлбар: Байт харвааны эрэгтэйчүүдийн багийн төрөлд Өмнөд Солонгос түрүүлэв. Харин уулын засмал замын дугуйны төрөлд Белгийн тамирчин Грег ван Авермает, Туялзуур сэлэмний эмэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд Унгарын тамирчин Эмесэ Шаш хүртсэн юм.
Анх оролцож байгаа Косово алтан медаль хүртэв
Энэ удаагийн олимпийн наадамд анх удаа оролцож байгаа хоёр улсын нэг Косовогийн жүдоч Майлинда Келмэнди эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд алтан медаль хүртэж олныг баярлууллаа. Амжилтын хувьд арвин түүнийг энэ удаагийн тэмцээнд медалийн тавцанд баттай зогсох хүмүүсийн нэг гэж таамаглаж байсан юм. Келмэнди эхний тойрогтоо хийлж, хоёр дахь тойрогтоо Швейцарийн Эвелин Чопп, дараагийн тойрогтоо Кристин Лежентил нарыг ялж, хэсгийн аваргын төлөө дэлхийн аварга Мисато Накамураг торгуулиар буулган авсан юм. Ингээд шигшээ барилдаанд Одетта Жифридаг юко үнэлгээгээр хожиж олимпийн аваргын алдрыг хүртсэн билээ.
Итали залуугийн од нь гүйв
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Д.Төмөрхүлэг, Ан Бауль, Ришод Собиров нарыг медалийн тавцанд зогсоно гэж таамаглаж байсан ч од нь гэсэн Итали залуу Фабио Басиле тэднийг сөхрүүлсээр аваргын алтан медалийг хүртлээ. Тэрээр C хэсэгт эхний тойрогтоо Германы тамирчинг цэвэр ялж, улмаар дараагийн тойрогтоо Азербайжаны Нижат Шихализадег цэвэр ялж улмаар Д.Төмөрхүлэгтэй таарч, мөн цэвэр ялж хэсгийн аваргын төлөө үлдсэн юм. Тэрээр шигшээ барилдаанд 2015 оны дэлхийн аварга Солонгосын Ан Ба Улыг цэвэр ялж 66 кг-ын аваргын титмийг хүртлээ. Энэ удаагийн наадамд дэлхийн томоохон тамирчид медалийн тавцан дээр зогсоогүй юм. Харин аваргын тооцоонд байсан тамирчид мөнгө, хүрэл медаль хүртсэн юм.
Майкл Фелпсийн 23 дахь медаль
Орчин цагийн олимпизмийн түүхэнд хамгийн олон медаль, тэр дундаа хамгийн олон алтан медаль хүртсэн Майкл Фелпс медалийн цуглуулгадаа бас нэг алтан медаль нэмлээ. 4*100 метрийн буухиа чөлөөт сэлэлтийн төрөлд АНУ-ын багт багтсан тэрээр хоёр дахь гараанд уралдаж 47,1 секундын амжилт үзүүлсэн юм. Тэрээр олимпийн наадам болон АНУ-ын усанд сэлэлтийн төрөлд нэгэн өвөрмөц шинэ амжилт тогтоож, түүхэнд нэрээ мөнхөллөө.
Ледеки итгэл алдсангүй
АНУ-ын өнөө цагийн усанд сэлэлтийн томоохон төлөөлөл гэгдэх Кейти Ледеки ард түмнийхээ итгэлийг алдсангүй. Тэрээр 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 3 минут 56 секундын амжилт үзүүлж, аваргалсан юм. Мөн тэрээр 2014 онд өөрийнхөө тогтоогоод байсан дэлхийн рекордыг 1,9 секундээр урагшлуулсан билээ. Ледеки энэ удаагийн олимпийн наадмаас хоёр дахь медалиа авч байгаа нь энэ юм.
Тайлбар: Олимпийн наадмын хоёр дахь өдрийн амжилтуудаас дурьдвал. Байт харвааны эмэгтэйчүүдийн багийн төрөлд Өмнөд Солонгос түрүүлэв. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан дугуйн уралдааны төрөлд Нидерландын тамирчин Анна ван дер Бреггэн, 3 метрийн эмэгтэйчүүдийн усанд шумбалтын төрөлд Хятадын хос, туялзуур сэлэмний эрэгтэйчүүдийн хөнгөн сэлэмний төрөлд Италийн Даниель Кароззо, Эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд Хятадын Жан Мэншие, хөдөлгөөнт байны төрөлд Австралийн Катерин Скиннер, Эмэгтэйчүүдийн 100 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд Шведийн Сара Шостромм, Хүндийг өргөлтийн эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд Хятадын Лон Чиншуан, Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Тайванийн Хсу Шү Шин нар алтан медаль хүртсэн юм.
Одоогийн байдлаар медалийн тоогоор АНУ 12 /3 алт, 5 мөнгө, 4 хүрэл/ тэргүүлж, Хятад 8 медаль /3 алт, 2 мөнгө, 3 хүрэл/ Австрали 6 /3 алт, 3 хүрэл/ медальтай эхний гуравт жагсаж байна.
С.Болор
Сэтгэгдэл байхгүй байна