Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” компанийн ажилтнууд үл мэдэх шингэн ууснаас хордон, дөрвөн хүн амь насаа алдаж, 17 хүн эмчлүүлж байгаа хэрэг өнөөдөр олон нийтийн анхаарлын төвд байгаа. Засгийн газраас албан ёсоор амралтын өдөр хэмээн зарласан арваннэгдүгээр сарын 25-нд гарсан энэ хэргийн талаар Эрүүл мэндийн яамнаас ажлын хэсэг томилон ажиллуулж, харьцангуй шуурхай мэдээллүүдийг хүргэж байсан. Гэхдээ өчигдрийн байдлаар бол ямагр шингэн зүйл болох нь эцсийн байдлаар лаборитарийн шинжилгээгээр тогтоогдоогүй байсан ч эх сурвалжууд болон мэдээллийн сайтууд техникийн спирт ууж хордсон гэсэн таамаглалыг дэвшүүлж байсан юм.
Тэгвэл тус аймагт ажиллаад ирсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд өнөөдөр Эрүүл мэндийн яаманд нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Эрүүл мэндийн яамны Хор судлалын ерөнхий мэргэжилтэн С.Юндэн, Нэгдүгээр эмнэлгийн эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасгийн их эмч Ц.Ганбат нар оролцлоо. Тэд
-Таван хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг Дорнод аймагт ажиллаад ирлээ. Бид яаралтай арга хэмжээ авч, эрүүл мэндийн салбарын зөвлөх эмч, хор судлалын мэргэжилтнүүдээ явуулсны дүнд тодорхой цаг хугацаанд эрт илрүүлж, оношилж, бусад иргэдийг үзлэгт хамруулж чадсан гэж ойлгож байгаа. Олон жилийн өмнө Багануур дүүрэгт ийм хордлогын асуудалтай тулгарч байсан. Цаашид Эрүүл мэндийн яамнаас арга хэмжээ авч, яаралтай тохиолдол үүсэхэд туслах багийг бэлэн байлгах, тухайн газарт эмчлэх, оношлох багаж төхөөрөмж байрлуулах асуудлаар Улсын онцгой комисст асуудал тавьсан байгаа.
Одоогоор 17 хүн эмнэлгийн үйлчилгээ авч байна. Техникийн спиртийн холимог, метилийн спиртийн хольцтой шингэний хордлогод орсон. 17 хүний тав нь эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн. Бусад нь ерөнхий эмчилгээ хийлгэж байгаа гэж мэдээлсэн байна.
Энэ зуур бас нэг дуулиан дэгдсэн нь “Хятад эмэгтэйн оруулсан техникийн спиртэд монгол ажилчид хорджээ” гэх мэдээлэл. “Зөв сонголт” компанийн зүгээс тус компани ямар нэгэн химийн бодис шингэн хэрэглэдэггүй гэж мэдэгдсэн бөгөөд хордсон ажилчид 5 литрийн савтай шингэнийг “олсон” гэх утгатай мэдээлэл хүргэсэн. Гэхдээ насанд хүрсэн, ухамсартай залуус хашаанаасаа ч юм уу савтай шингэн олоод архи гэж андууран ууна гэдэг бас нэг талаасаа эргэлзээтэй санагдмаар. Үүнтэй зэрэгцээд Хятад иргэн эмэгтэй ажилчдад спирт зарсан гэсэн мэдээлэл гарсан билээ. Харин өнөөдрийн хэвлэлийн бага хурлын хувьд Эрүүл мэндийн яамныхан цэвэр эмнэл зүй, нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэсэн болохоор хэн нэгэн тэр шингэнийг авчирч, худалдан борлуулсан уу, эсвэл “Зөв сонголт” компани өөрсдөө махны агуулахдаа хадгалж байсан уу, сошиалд дэгдэж байгаачлан зүгээр л “эзэнгүй” байсан техникийн спирт уу гэдэг тухайд холбогдох байгууллагаас асууж тодруулах нь зүйтэй гэсэн хариултыг өгсөн байна.
Ямартаа ч хордлого дэгдээсэн шингэн техникийн спирт байсан нь тогтоогдсон байна. Харин хаанаас хэрхэн ямар замаар, хэн оруулж ирсэн, дуулиан дэгдээж байгаачлан хятад эмэгтэй монгол ажилчдад зарсан эсэх талаар холбогдох албаныхан тайлбарлах буй за.
А.Ану
Холбоотой мэдээллүүдийг дор дарж уншина уу
Л.Банзрагч: Савтай шингэн зүйл олж хэрэглэснээс хордлого үүссэн
Сэтгэгдэл байхгүй байна