Баянгол дүүрэгт таван иргэн хордож нас барснаас архи согтууруулах ундаа худалдаалахыг хориглоод гурав хонож байна. Энэ хэрэг нэгдүгээр сарын 16-нд гарсан бөгөөд эхний байдлаар архинаас хордож нас барсан гэж үзсэн учраас ийн хорио тавьсан. Харин өнөөдөр энэ хорионы хугацаа дуусч байгаа бөгөөд харамсалтай нь яг юунаас хордсон эцсийн шинжилгээний дүн гараагүй байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шингэн бодист хордсон нь тодорхой, харин яг ямар архинаас хордсон эцсийн дүнг магадлахын тулд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хариуг хүлээж байгаа гэж буй. /Холбоотой мэдээллийг ЭНД дарж үзнэ үү/
Цагдаагийнхны мэдээлснээр хүмүүс нас барсан газраас “Мөнхжин-Од” компанийн үйлдвэрлэдэг “Найрсаг” хэмээх архи, “Гайхмаараа” шил арчигч шингэний сав, мөн өөр 3-4 үйлдвэрийн архины шил олдсон гэгдэж байгаа. Эндээс улбаалаад “Голд Чингис” архины шил олдсон, Жим энтернэйшнл компанийн архийг дэлгүүрээс хураан авч байна гэх мэт тоймгүй олон шуугиан дэгдсэн. Үүнд мөн томоохон компаниудыг шалгаж байгаа гэсэн мэдээлэл ч түгсэн билээ. Гэвч яг үнэндээ ямар архинаас, ер нь ямар шингэнээс хордсон нь баталгаатай тогтоогдоогүй л байна.
Ийн архинаас болж хордсон гэгдсэн хорио цээрийн сүүлийн өдөр ч шинжилгээний дүнг “шингэнээс хордсон нь тодорхой” гэх маягийн тайлбар хэвээрээ л байгаа нь хүмүүсийн бас нэг шоглолыг хүлээхээр болж байна. Энд архинаас болж хордсон юм бол яагаад шар айраг, дарсыг тэр тусмаа дотоодын гэлтгүй импортын архи, согтууруулах ундааг хорьж байгаа юм бэ гэсэн сошиал шүүмжлэл, ёгтол, хорио тавьснаар шагийн архины “бизнес” цэцэглэж байгаа шүүмж хүчтэй байгааг хэлэх юун. Бүр архийг хорьсон бол шил арчигч шингэн яагаад “сул чөлөө”-тэй байна? гэсэн ёж хошигнол ч үүсээд байгаа.
Хэдийгээр ийн шинжилгээний хариу эцэслэн гараагүй ч хорио, хураалтын ажил бол маш сайн өрнөж байгаа. Албан мэдээгээр бол нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан тодорхой нэр төрлийн 7378 шил архийг худалдаалахыг хориглож, 80 шил архинаас дээж авч лабораторид хүргүүлэн, таван аж ахуйн үйл ажиллагааг зогсоогоод байгаа гэж буй юм.
Албаны хүмүүсийн мэдээлснээр бол хорио нэгдүгээр сарын 20-ныг дуустал буюу лав өнөө шөнийн 00.00 цаг хүртэл хүчинтэй. Сунгах эсэхийг магадгүй өнөөдөр ажлын цагийн дотор шинжилгээний хариу гарсан тохиолдолд зарлах биз.
Ямартаа ч архины хорио тогтоогдсон өдрүүдэд нийслэл хот гэмт хэрэг бууж, амгалан тайван болсон талаар албаны сайхан мэдээ хөвөрсөөр байна.
А.Ану
Холбоотой мэдээллийг дор дарж үзнэ үү
Архи, согтууруулах ундаа худалдахыг хориглов
Сэтгэгдэл байхгүй байна