• Эхлэл
  • Ц.Элбэгдорж:Эрдэнэтийг эх орондоо авчирсан нь амжилт

Ц.Элбэгдорж:Эрдэнэтийг эх орондоо авчирсан нь амжилт

2017/02/11

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийн худалдан авалт хууль зөрчсөн эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед /2017.02.10/ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийг хүргэж байна. 

Ц.Элбэгдорж:Эрдэнэтийг эх орондоо авчирсан нь амжилт

-УИХ гэдэг бол Монголын төлөө зөвшилцдөг газар. Ер нь монголчууд бие биенээ дэмжих учиртай. Бие биенээ маажаад урагшлахгүй. Энэ асуудлыг УИХ бүрэн эрхээ баталгаажуулаад эхний асуудлаа болгож ярих байсан. Энэ удаагийн УИХ хамгийн хурдан хугацаанд бүрэлдсэн байдаг. Гэтэл 7 сарын дараа эл асуудлыг ярьж байна. УИХ "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийн асуудлаар нээлттэй сонсгол хийх байсан. Бүх талаас нь нийт ард түмнийхээ өмнө ярих хэрэгтэй байв. Гэтэл нээлттэй сонсгол хийсэнгүй. 

Эрдэнэт үйлдвэр 1978 онд нээлтээ хийж, 30 жил ажиллана хэмээн тооцоолж байсан. Өнөөдөр 39 дэх жилдээ ажиллаж байна. Есөн жил илүү ажиллажээ. Энэ үйлдвэрт 6000 хүн ажиллаж байна. Үүний цаана тэдний гэр бүлийнхэн нь бий гэвэл олон хүний амь амьдрал яригдана. Одоо энэ үйлдвэрт шинэчлэл хийх цаг нь болжээ. Үйлдвэрийн дансыг шилэн болгох хэрэгтэй. Өнөөдөр та бүгд хариуцлага ярьж байна. Та нар гарч ирээд хуулийг сонгож хэрэглэдэг болсон. Шилэн дансны хуулийг 60 хувь нь хэрэглэхгүй байна. Уг нь "Эрдэнэт үйлдвэр"-т жил бүр олон улсын жишгийн дагуу аудит хий гэж шаардах ёстой. Зэс хайлуулах үйлдвэр байгуул гэж шаардах ёстой. "Эрдэнэт үйлдвэр"-ийн баялаг дууссан үед дараагийн үйлдвэр байгуулах асуудлыг ярьж байх ёстой.

Би Монголынхоо төлөө санаа зовсондоо энэ хуралдаанд оролцож байна. Шударга ёс тогтоож байгаагаа ярьж байна. Дэлхий нийт Монголын төр хувийг өмчийг нийгэмчиллээ гэж ярина. Олон улсад өнөөдөр иргэд мөнгөө хандивлаж байгаа тухай бичиж байна. Үүнийг дэлхий нийт Монголын коммунистууд өмчийг нийгэмчилж байна гэж бичнэ. Үүнээс болж энгийн иргэд хохирно. Хохирсоор ирсэн. Улс төрийн өнцөг бий. Намрын чуулган дуусахаар сонгогчидтойгоо уулзана. Тэгэхээр төр өмчөө авлаа гэж ярих гэж байгаа. Дараа жил очиход ард түмний амьдрал дордсон байх болно. Өөрийнхөө иргэний хөрөнгийг булааж авч байгааг хараад гадныхан сэрэмжилнэ. Нэг хүний толгойд буруу бодол орж ирж болно. Энэ нь Монголын төрийн шийдвэр байж болохгүй.

Та нар 65-уулаа. Олуулаагийн зовлон бий. Олон хүн ажилд оруулна гэж амалсан. Ингэж л эрх баригчид балардаг. Шийдлийн хувьд юу байж болох вэ гэдэг дээр хэлье. 49 ба 51 хувийн талууд уулзаж ярьж болно. Мөн ямар хууль зөрчсөн болохыг холбогдох хуулиараа шийдэж болно. УИХ бол шүүх биш. Үүний цаана эхнээсээ атаархал, улстөр, нэг төрлийн бизнес яваа. Монголыг бодсон бодол байхгүй. Хорин жил шахаа хийсэн хүмүүст хэцүү байгаа байх. Өмнө нь байсан олон зүйл илэрнэ эсвэл дахин шахаа гарч ирнэ гэж бодож байгаа байх. Тийм зүйл байхгүй.

Эрдэнэтийг эх орондоо авчирсан нь амжилт. Хоёр улсын Засгийн газар хуйвалдана гэж байхгүй. Монголын бизнесмен 49 хувийг аваад иржээ. Өмнө нь төмөр замыг өөрсдөө аваад яв гэхэд чадахгүй гэсэн байдаг. Тэгж л бид өөртөө итгэлгүй байж. Одоо Оюутолгойн 66 хувийг аваад ир гэвэл би дэмжинэ.Та бүхний гаргаж байгаа шийдвэр Монголын хөгжлийг боосон шийдвэр болно. Энэ шийдвэр Монголын сайн сайхныг хорьсон шийдвэр байх болно. Шийдвэрээ бодох хэрэгтэй. Тал талаасаа ярих хэрэгтэй гэж хэлэхээр чуулганы хуралдаан орж ирсэн юм" гэсэн юм. 

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу

УИХ:“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авахаар болов


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна