• Эхлэл
  • Хабаровскийн жагсагчид В.Путиныг огцруулахыг шаардлаа

Хабаровскийн жагсагчид В.Путиныг огцруулахыг шаардлаа

2020/03/16

Оросын зүүн хязгаарын Хабаровск хотын иргэдийн төлөөлөл хотын Комсомолын талбайд цуглаж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг огцрохыг шаардсан байна. Мянга орчим хүн оролцсон энэ жагсаалыг Оросын коммунист намаас зохион байгуулсан гэж DVhab.ru хэвлэл энэ сарын 14-нд мэдээлжээ. Жагсаал зохион байгуулагчид В.Путины өмнө ажилласан Ерөнхийлөгчийн хугацааг тэглэн цаашид үргэлжлүүлэн сонгохыг эсэргүүцээд, ингэх юм бол 2036 он гэхэд Орос орон ядуурал, уналтад орно, В.Путин улс орныхоо ард иргэдийн төлөө анхаарахаасаа дээд түвшнийхэн, элитүүдийг л хөлжүүлж баяжуулах сонирхолтой хүн хэмээн тэмдэглэж байна.
“В.Путиныг төрийн эрхэнд гарч ирэхэд манай оронд долларын тэрбумтан нэг ч байгаагүй, гэтэл өнөөдөр долларын тэрбумтан орос хүн 121, долларын саятан 246 мянга болоод байна, энэ юу хэлж байна вэ. Оросын жилийн төсвийн гуравны хоёр нь энэ олигархиудын хөрөнгөтэй тэнцэж байна. В.Путин хэний ашиг сонирхлын төлөө ажиллаж байгаа нь ойлгомжтой байна” гэж Оросын коммунист намын Хабаровскийн хязгаарын салбарын нэгдүгээр нарийн бичгийн дарга Петр Перевезенцев хэлжээ. Түүний хэлснээр Зөвлөлт холбоот улс тарснаас хойших 29 жилийн хугацаанд Оросын хүн ам 20 саяар буурсан бол зөвхөн сүүлийн нэг жилд 300 мянгаар хорогдсон. Үүнтэй зэрэгцээд үйлдвэрлэл сүйрч, сургууль эмнэлгүүд хаагдаж байхад В.Путиныг дахин сонгох тухай ярих нь утгагүй гэнэ.
ОХУ-ын Төрийн Думын гишүүн, сансрын нисэгч Валентина Терешкова санал гаргаж Владимир Путины төрийн тэргүүнээр өмнө ажилласан жилүүдийг тэглэн, шинэ нэр дэвшигч гэж үзэн дахин сонгох санал гаргасан юм. Владимир Путин ч үүнээс нэг их татгалзахгүй байгаа. “Үндсэн хуулийн энэ өөрчлөлтийн төлөө бид саналаа өгөхгүй. Яагаад гэвэл энэ нь хууль бус явж байна. Нэмэлт өөрчлөлтийг уг нь битүүмжилсэн байдлаар хүмүүс тус тусдаа саналаа өгөх ёстой, энэ бол бүх нийтийн санал асуулга. Гэтэл эрх баригчид зүгээр л санал асуух байдлаар явуулж байна” гэж Хабаровскийн хязгаарын Хууль тогтоох дум дэх Коммунист намын бүлгийн тэргүүн мэдэгджээ.
Хязгаарын хууль тогтоох байгууллагын депутат Максим Кукушкин бас улс орон хилээ хааснаас болоод хүнс, эм тариа дутагдаж өлсгөлөн нүүрлэн, хүмүүс бие биенээ идэхэд хүрнэ гэсэн байна. “Эхлээд Нэгдмэл орос намынхныг идэхийг санал болгож байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн энэ хэлбэрийн төдий ажлыг зогсоох хэрэгтэй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг энэ ажил ердөө л Ерөнхийлөгчийн өмнө ажилласан хугацааг тэглэх ажлыг халхавчилж байна” гэж дөрөвдүгээр сарын 22-нд болох санал асуулгаар Үндсэн хуулийн өөрчлөлийн талаар эсрэг санал өгөхийг олон нийтэд уриалжээ.
ОХУ-ын Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх бүх нийтийн санал асуулга ирэх дөрөвдүгээр сарын 22-нд болно. Оросын ард иргэд өмнө нь Төрийн Дум, Холбооны зөвлөл хүлээн авч, Ерөнхийлөгч гарын үсэг зурчхаад байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар зөвхөн бүхэлд нь зөвшөөрөх эсэхээ илэрхийлэх юм. Өөрөөр хэлбэл нэг өөрчлөлтийг дэмжих, нөгөөг нь эсэргүүцэж байгаагаа илэрхийлэх эрхгүй гэсэн үг.\

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин