
Хотын дарга асан Х.Нямбаатар “Хууль засаглахгүй, Хүрэлсүх засаглана”, “Дарангуйлалт дэглэмийн эсрэг хамтдаа” хэмээн ээлжит live-аа хийлээ. Харамсалтай нь хэн ч түүнтэй хамт “Ура” хашгирч, “Дарангуйлалт дэглэмийн эсрэг тэмцье” гэсэнгүй. Яагаад? Тархиндаа тийм бодолтой, зүрхэндээ цусаа буцалтал уур нь хүрч байсан ч Х.Нямбаатараас бусад нь “У.Хүрэлсүх буцаж явна” биш “У.Хүрэлсүх ирж явна” гэдгийг харж байгаад л учир нь байгаа юм.
Тэр явж байгаа юм биш ээ…Харин зургаан жил “амарчихсан”, улс төр хиймээр санагдавч “гар хөл нь хуулиар хүлэгдсэн”, уур цухал, эрч хүчээ барьж ядсан У.Хүрэлсүх гэдэг улстөрч Монголын улс төрд он удаан жил хаанчлахаар яаран айсуй…
Ерөнхийлөгч “Улс төрийн хувьд” хэн бэ? “Ерөнхийлөгч бол нам бус. Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч”. Үндсэн хуульд бичсэнээр нь ингээд л цээжилчихсний цаана Ерөнхийлөгчийг “аль нэг эрх мэдлийн тэргүүн бус, харин Улсын тэргүүн” гээд Үндсэн хуулийн 30 дугаар зүйлээр зөндөө тайлбарлачихсан байдаг юм даа. Үүний дотроос “Улсын тэргүүн-Монгол Улсын хамгийн дээд албан тушаал мөн бөгөөд улс төрийн аль нэг нам, хүчний бодлогоос ангид байж, төрийн эрх мэдлийн салаа хооронд харилцан ойлголцол, зөвшилцлийг бий болгох үүрэг гүйцэтгэнэ. Улс төрийн нам, хүчний эрх ашгийг илэрхийлэх, төрийн эрх мэдлийн аль нэг салаанд харьяалагдан түүний талд ажиллах ёсгүй болгож тунхагласан.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийснээр Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 33.4-т заасан тодорхой бүрэн эрхийг л эдэлнэ. Хэтэрсэн аливаа эрхийг эдлэхгүй гэж заасан. Энэ өөрчлөлтөөр харин ч Ерөнхий сайд хүчтэй, улс төрийн эрх мэдэлтэй болсон. Тийм учраас зарим хүний хэлдгээр шагнал өгөх, хориг тавихаас бусдаар “гар, хөлөө хүлүүлсэн” энэ эрхэм хүндэт суудалд удаан суухыг хүссэндээ бус, харин ч буухаар яарсандаа өнгөрсөн оны 5 дугаар сард “Миний бие Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй” гэсэн юм бил үү.
Өнгөрсөн хугацаанд нэг бус удаа “У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөс буугаад намаа авна” гэсэн мэдээлэл түгсэн. Сонссон гэх гэрч ч цөөнгүй дурдагдсан. Энэ бол У.Хүрэлсүх муухайдаа бус түүний оронд хэн ч байсан улстөрчийн амнаас гарах л үг. Өөрөөр хэлбэл дээр дурдсан Үндсэн хуулиар “хүлэгдсэн” эрх мэдлүүдээ Ерөнхийлөгчөөс буусны дараа олж авч бие нь тавирна. Намын тамга атгаж томилгоо хийж ч болно, таалагдаагүй нэгнээ барьж аваад цохьсон ч Улсын тэргүүн биш намын тэргүүний хувьд байдаг л асуудал болж, нэг ёсондоо хүлээсээ тайлж бие нь тавирна гэсэн үг.
Тэгвэл? Улс төрийн нам бол эрх мэдэл мөрөөдсөн хүмүүсийн нийлбэр юм уу? Үгүй л дээ. Тэднийг нэгтгэх үзэл санаа, хүч, дэг журам, тэр тусмаа олон ашиг сонирхлыг удирдах лидер чухал. Энэ бол У.Хүрэлсүхийн хувьд анхны өндөрлөг нь биш боловч Ерөнхийлөгчийн суудлаас буугаад дахин эзлэх өндөрлөгийн хувьд амаргүй даваа. Нам доторх эрх мэдлийг гартаа авч, түүгээрээ цаашид олон жил ноёрхоно гэдэг нь Ерөнхийлөгчөөр олон жил ажиллахдаа бус улс төрд хамгийн том өндөрлөгийг эзлэхийн нэр юм байна гэдгийг тэрбээр зургаан жил “эдлээд” бууж ирэх гэж байна. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх улс төрд ирж явна. Дээрээс бууж ирж явна ч гэж хэлж болох юм.
Гэтэл ийм хүнийг “Орлогоо нотол”, тэгвэл би Монголд очиж шалгуулна”…”Дарангуйлагчтай хамтдаа тэмцье” гэж хашгираад байх нь хэтэрхий гэнэн ч гэх үү, эрхэлсэндээ, эсвэл эвгүйтсэндээ л гаргах үйлдэл байх.
Ийм цаг мөчид гартаа барьсан ганц ч баримтгүйгээр зургийг нь канондож бариад амбаар савны зургаар авлигачин болгоно гэвэл үлгэр шүү дээ. Ядахдаа дуугарсан ганц хоёр фактынх нь эзэд, хөрөнгө оруулагчид У.Хүрэлсүхэд даанч хавьтахгүй холуур юм. Тэдний нэр хүндэд халдаж энд дурдаад ч яах билээ.
Хэцүү шүү дээ, түүнийх байсан ч улсын бүртгэл, баримт архиваар нотлогдохгүй, бичлэг хийвэл “ҮАБЗ-ийн гишүүний хувийн нууцыг задалбал” ямар хуулиар шалгагдаж, шийтгэгдэх нь тодорхой. Энэ зовлонг мэдэхгүйдээ эдлээд мэддэг болоод гарч ирсний хувьд л гэж захиж байгаа юм, Х.Нямбаатар дүү минь.
Дашрамд 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших хүсэлтээ илэрхийлээд буй УИХ-ын гишүүн Л.Гантөмөр өнөөдөр news.mn сайтад өгсөн ярилцладаа “Эрх баригчид одоогийн Ерөнхийлөгчтэй холбоотой улс төрийн нөхцөл байдлаас болгоомжилж, хуулийн асуудлаа урагшлуулахгүй байна гэж харж байна. Гэхдээ хэн Ерөнхийлөгч болохоос үл хамааран ямар хууль эрх зүйн орчинд ажиллах вэ гэдгийг хуульчлах ажлыг яаралтай хийх хэрэгтэй. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийг 12 дугаар сардаа багтаан зарлаж, Ерөнхийлөгчийн эрх хэмжээг тодорхойлох хуулийн ажлыг зэрэг явуулах шаардлагатай. Сонгуулийн дараа хэн нэгэнд зориулж ямар хууль батлах вэ гэдэг асуудал үүсгэж болохгүй. Нэр дэвшигчид ямар эрх зүйн орчинд ажиллахаа урьдчилан мэддэг байх ёстой” гэж хэлсэн. Энэ бол дээр дурдсанчлан ямар эрх мэдэл дээр очих гэж буйгаа тодотгочихоод өрсөлдмөөр байна гэсэн үг.
Дахин хэлэхэд Монголын улс төрд “дарангуйлал тогтоох уу, үгүй юу” гэдгээ харуулахаар “Тэр ирж явна”...
Нийтлэлч У.Оргилмаа


Сэтгэгдэл байхгүй байна