Засгийн газрын өчигдрийн /2017.09.13/ хуралдаанаар хурц маргаан дэгдээж байсан Сэлэнгийн Ноён уул болон Өмнөговийн Тост, Тосон Бумбын нурууны байгалийн болон түүхийн дурсгалт нөөц газрын хилийн заагт багтсан аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргалаа. Мэдээж, сайн мэдээ. Гэвч өмнө нь ч маргаан дэгдээж байсан энэ газруудын талаар сонсоход сайхан мэт боловч хэрэгжээгүй, эсвэл хоржоонтойгоор эргэсэн, журам тодорхойгүйгээс будилаан үүссэн гэх мэт тохиолдлууд гарч байсан билээ.
Ноён уул
Түүхийн дурсгалт олдвор бүхий тус газарт “Сентерра Гоулд” компанийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар хоёр жил дамнасан шүүхийн маргаан одоо ч үргэлжилж байгаа. Шүүхийн маргаантай байгаа учраас олборлолт, үйл ажиллагаа явуулахгүй байгаа ч “нинжа” гэх зохион байгуулалттай хэсэг байгаль орчинд сүйтгэлтэй ажиллагаа хийсээр байгаа гэдэг. Анхан шатны шүүхээс "Сентерра гоулд" компанийн 4 тусгай зөвшөөрлийг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан бөгөөд талууд олон удаа давж заалдаж, бас шүүх хурал хойшилж байсны эцэст давж заалдах шатанд шийдвэрийг баталгаажуулаад байгаа юм.
/Ноён уулын шүүх хурлын талаарх холбоотой мэдээллүүдийг ЭНД дарж үзнэ үү/
Тост, Тосон бумбын нуруу
Маш олон жил маргаан дэгдээж, ирвэс судлаач залуу Т.Лхагвасүрэн агсны үхэлтэй ч холбогдох болсон Тост, Тосон бумбын нурууны байгалийн өвөрмөц тогтоцтой газрын хувьд хамгаалах шийдвэр өмнөх буюу АН-ын Засгийн газрын үед гарсан боловч Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед байгалийн нөөцийн газрын хилийг тогтоохдоо анх мэргэжлийн болон иргэний нийгмийн байгууллагуудын санал болгосноос хэмжээг нь багасгасан. Ингэснээр зарим нэг компани тухайлбал, Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хамааралтай компани Тост, Тосон бумбын нурууны үргэлжлэл болсон Хөвх, Хуршуутын голд олборлолт хийхээр дайрч, нутгийнхан эсэргүүцэж байгаа билээ.
/Холбоотой мэдээллийг ЭНД дарж үзнэ үү?
НОЁН УУЛ:Ж.Ганбаатар шүүхийн процессыг л удаашруулж байгаа хэрэг
ШҮҮХ ХУРАЛ:Ноён уул-цэвдгийн судалгааг хийгээгүй гэв
754,8 мянган га, 14 компани....?
Ийн хамгийн их дуулиан тарьдаг хоёр газрын талаар огцорч буй засаг яаран шийдвэр гаргасан нь юуны учир бол?
Засгийн газрын өчигдрийн хуралдааны албан мэдээллээр бол нийт 754,8 мянган га газрыг тусгай хамгаалалтад авч, энэ хүрээнд 14 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлана гэжээ. Гэхдээ маргаан дагуулсан хоёр газрын тухайтад яг хэдий хэмжээний газрыг тус бүр хамаарч байгаа болон 14 аж ахуйн нэгж гэдэг нь аль газарт харьяалагдах компаниуд гэх мэт нарийвчилсан мэдээлэл алга байна. Магадгүй өмнөхийн адил хилийн хязгаар тодорхойгүй гэх буюу, "улс төрийн хамгаалалтгүй" жижиг компаниудын зөвшөөрлийг цуцлаад, "акул"-ыг нь авч үлдэх нь үү гэсэн болгоомжлолууд гарсан хэвээр байна.
Дашрамд сануулахад өдгөө үүрэг гүйцэтгэгч болоод байгаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгаас сонгогдсон, Ноён уулын өвөрт өссөн гэдэг. Тэр утгаараа Ноён ууланд олборлолтод явуулахыг эсэргүүцдэг ч намынхаа шийдвэрт тулгагдан "ацан шалаа"-нд ороод байгаа гэсэн яриа ч гарч байсан. Түүгээр бол Ж.Эрдэнэбат огцрохоосоо өмнө сэлэнгэчүүдийн өмнө ам бардам байх алхам хийсэн байж ч болох. Харин Тост, Тосон бумбын нуруу, Хөвх, Хуршуутын голд нүүрс олборлохоор хэдийнэ техник хэрэгслээ буулгасан ч нутгийнхны эсэргүүцэлтэй тулгараад байгаа Б.Чойжилсүрэнгийн хувьд өөрт ашигтай шийдвэрийг баталгаажуулах "кноп" дарсан байх магадлалтай. Нөгөөтэйгүүр Засгийн газрын албан мэдээлэлд зөвшөөрөл нь цуцлагдаж буй аж ахуйн нэгжүүдэд төлөх нөхөн төлбөрийн асуудал хөндөгдсөн байгаа. Эндээс ч бас нөхөн төлбөрийн хэмжээг тогтоож, компаниудад олгох том ажил-асуудал босох учиртай.
Юутай ч засаг солигдох мөчид гаргасан энэ шийдвэр нарийндаа яг ямар агуулга, зорилготой хийгээд хэрэгжих эсэх нь ч тодорхойгүй л байна.
А.Туяа
Холбоотой мэдээллүүд
Б.Чойжилсүрэн сайд VS Тост Тосон бумбын нуруу
Тост, Тосон бумбын нуруу:Хаана байна, хилийг тодорхойлсон зураг
Сэтгэгдэл байхгүй байна