• Эхлэл
  • Хүнсний хувьсгал хийсэн Монгол Улсад хүнсний инфляц 25.5 % өслөө, эмгэнэл илэрхийлье!

Хүнсний хувьсгал хийсэн Монгол Улсад хүнсний инфляц 25.5 % өслөө, эмгэнэл илэрхийлье!

2026/08/21

“Буруу харсан хатиг” шиг сайд нартай, буруугаа Засгийн газар руу бухдаг Төв банкны ерөнхийлөгчтэй Ерөнхий сайд Н.Учралд ямар ч хамгаалалт алга. Танхимынх нь сайд нарын тал нь шахам экс Ерөнхий сайдынхаа урилгаар Гурван нуурын амралтад хундага тулгаж, танц гишгэж явахад нь улс орон даяар шатахууны хомсдолд нэрвэгдэж сүйрэх шахав. “Айлчлал” нэртэй “гуйлгачлал” хийсээр арай дээрдэж эхэлсэн ч энэ хомсдол эцсийнх биш.

Уг нь “Учралын Монгол, Учралын Засгийн газар” биш Монгол Улсын Засгийн газар, бидний Монгол Улс. Тиймэрхүү тангараг өргөж байснаа тэр хэдэн сайд санаж байна уу, үгүй юу?

Ямартай ч эдийн засаг хүндрэх нь. Цаашид шатахууны үнэ нэмэгдэхээр байна. Эрчим хүч, дулааны үнийг нэмэх зэргээр хугацаатай хүлээлтүүд тосож буй. Ийм үед өмнөх Засгийн газруудыг ярих нь улстөрчдийн хэрэг. Төв банкны ерөнхийлөгч бол улстөрчдийг дагаж намирах бус, өнөөдрөөс эхлээд 12 сарын дараа юу болохыг зөв тооцоолж төсөөлөх нь чухал.

Ингэхэд та бүхэнд 9-хөн сарын ой санамж байна уу, Монголбанкны Ерөнхийлөгч өө, УИХ, Засгийн газрын гишүүд ээ? Ердөө оны өмнөхөн 11-р сард Монголбанк УИХ-аар үндсэн чиглэл, мөнгөний бодлого, төсвийн төсөөллөө хэлэлцүүлэхэд инфляц 6% байна гэж тусгасан. Гэтэл өнөөдөр инфляц 13%, хүнсний инфляц 25.5% болчихлоо. Цаашаа нэмэгдэхгүй гэх баталгаа алга.

att.ORFjELVd-FC-cH6nlGMfAytNmFgUjxI0-lh86qy5ikc

Яагаад Монголбанк удаа дараа УИХ-д ийм худлаа тоо хэлж УИХ, олон нийтэд танилцуулсан юм бэ? Иргэдийн худалдан авах чадвар 25.5% суларчихаад байна. Төгрөгийн ханшийг тогтвортой байлгах, үнийн өсөлт гэдэг хоёр асуудлыг Монголбанкны ерөнхийлөгчөөс өөр хэнээс хариуцлага нэхэх юм бэ?

Засгийн газар мэдээж буруутай. Гэхдээ 6% инфляцтай, 12% бодлогын хүүтэй орчинд бүх ажлаа явуулах төсөөлөл, нөхцөл боломжийг өгчихөөд замын дундаас “Хөөе инфляц чинь 2 нугараад 13% болсон, бодлогын хүү чинь 12.5% шүү, Засгийн газрын буруу” гээд гэнэт бултчихаар төсөв нь дутаж, тооцоолсон зардлууд хүрэлцэхгүй, товчхондоо бүх ажил худлаа болчихож байна шүү дээ.

Улстөрчдийн шүүмж, тухайлбал төсвийн зардал өссөн нь нийт эдийн засгийн идэвхид муу нь үнэн. Хувийн хэвшлийн орон зай хумигдаж, өрсөлдөх чадвар нь суларснаар ажлын байрны цалин өсөхгүй гэхчлэн олон муу үр дагавартай. Харин иргэдэд үнийн өсөлт л хамгийн их хамаатай. Авсан цалин нь худалдан авах чадамжгүй байна. Хүнсэнд цалингийнхаа дийлэнх хэсгийг зарцуулдаг атал хүнсний үнийн өсөлт 25% болчихлоо. Үүнийг дагаад цалин 25% нэмэгдсэн үү? Үгүй. Нийт инфляц 13%. Тэгэхээр айл болгон орлогын тасалдалд орлоо.

Тэсэхэд хэцүү боллоо. Арга буюу төсвийн тодотгол хийхэд хүрлээ! Тодотголын гол шалтгаан нь төсөөлөлд заасан инфляц нь 2 дахин өссөнтэй холбоотой болчихсон нь үнэн.

Төсөөлсөн Монголбанк, төсөв баталсан УИХ, сөрөг хүчин Засгийн газрыг зодохынхоо өмнө сайн бод!

Сөрөг хүчний мэдэгдлийг үзлээ. Юун 3-4 жилийн өмнөх Засгийн газар? Инфляцийг 12 сараар тооцдог болохоос 36, 48 сарын өмнөх Засгийн газрын ажил өнөөдөр инфляц нэмдэггүй. Тэр ч байтугай өнөөдрийн Засгийн газрын буруу гэх гэхээр буруу, худлаа тооцоолсон нь Монголбанк шүү дээ. Төв банкны тухай хуульд инфляцийг нам дор түвшинд барь гэж заасан болохоос “Засгийн газрын буруутай үйл ажиллагааны улмаас...” гэхчлэн заалт огт байдаггүй. Тиймээс ямар ч “тэнэг” Засгийн газартай байсан Монголбанкны ерөнхийлөгч өөрөө зөв тооцоолж, нийт ард түмний эрх ашгийн төлөө бүрэн эрхээ хэрэгжүүлж инфляцийг нам дор барих үүргээ биелүүлэх ёстой.

Засгийн газраас бурууг хайя. Тэдэнд буруу бий. Төсөв баталж байх тэр үед Г.Занданшатарын Засгийн газар ажиллаж, УИХ-ын дарга нь одоогийн Ерөнхий сайд Н.Учрал ажиллаж байсан нь хоржоонтой. Гэвч хэн байснаас үл хамааран УИХ, Засгийн газрын өмнө Монголбанк худлаа төсөөлөл танилцуулж болохгүй. Учир нь тэдний төсөөллийн дагуу улс орныг удирдан жолоодох зураг гардаг. Өөрөөр хэлбэл, Н.Учралын Засгийн газар нь С.Наранцогтын зохиосон мөнгөний орон зайд ажиллах тийм л хуультай. Энэ хугацаанд дайн гарна уу, шатахуун ховордоно уу, ер юу ч тохиолдож болно. Монголбанкны үүрэг нь хатуу ч байсан эрсдэлтэй нөхцөл байдлыг үнэн зөв тооцоолж, нийтэд бодитой мэдээлэл өгч, бүрэн эрхийнхээ дагуу мөнгөний бодлогын арга хэрэгслээр үнийн өсөлтийг, төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой байлгах ёстой.

"Эс үйлдэл”-ийн гэмд хариуцлага тооцож, эртхэн сольсон нь дээр дээ, С.Бямбацогт дарга аа!

Одоо мөрдөж буй Төсвийн хуулийг батлах үед дайн байж л байсан, махны болон шатахууны үнэ дандаа л өсөж байдаг. Түүнээс хойш юу болсон юм бэ? Эмч нарын цалинг, тэтгэвэр, тэтгэмжийг нэмлээ, эсвэл Хормузын хоолойн асуудал, Ираны нөхцөл байдлыг ярих гэж байгаа бол тэр үед нь Монголбанк Бодлогын зөвлөлийн ээлжит бус хурлаа зарлан хуралдуулаад “Төсвийн алдагдал 2 их наяд гаруй төгрөгт хүрэх нөхцөл байдал үүссэн тул бодлогын хүүг 2% нэмлээ. Үүний үр дүнд нь инфляц зорилтот түвшний дээд хязгаар 8%-д барина” гэж мэдэгдэх ёстой байсан.

Ингэж мандатын үүргийнхээ дагуу болон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасан бол өнөөдөр хүнсний инфляц 25.5% хүрч төгрөгийн худалдан авах чадвар ийм хэмжээгээр буурахгүй байх байсан. Дэлхийн бүх Төв банк ингэж л ажилладаг. Үүнийг хийгээгүй бөгөөд буруу төсөөлөл гаргаж УИХ-д, Монголын ард түмэнд танилцуулсан нь Монголбанкны ерөнхийлөгч албан үүргээ хэрэгжүүлэхдээ хийсэн “Эс үйлдэл”. Иргэдийн худалдан авах чадвар 25.5% үнэгүйднэ гэдэг бол үүнийг хамгаалах ёстой албан тушаалтны ажлын хариуцлагагүйгээс үүдэлтэй гэмт хэрэг!

Хэрэв одоо Монголбанкны ерөнхийлөгчид яаралтай хариуцлага тооцохгүй бол дахиад хэд хоногийн дотор үнийн өсөлт, тэр дундаа хүнсний инфляц хэдэн хувиар өсөхийг таашгүй. Үнийн өсөлт аяндаа буурна гэж байдаггүй юм. Одоогийнх шиг сошиал медиа хөгжсөн үед байтугай сонин, радиогоос өөр мэдээлэлгүй байхад ч малчны хотонд Улаанбаатар дахь махны үнэ ханш оччихдог, үнээ нэмчихдэг л байсан. Малчны буруу биш.

Ямар ч үед инфляцийг зорилтот түвшин (6%)-д барих үүрэгтэй Төвбанкны буруу тооцоолол, ажлын хариуцлагагүйн л буруу. Тэгээд ч удаа дараа инфляцийн өсөлтийг, эдийн засаг ямар үр дагаварт хүрэхийг буруу тооцоолж, олон нийтэд төсөөллөө танилцуулаад, өнөөдөр Засгийн газар руу бухаж байгаа энэ хүн үлдсэн хугацаанд дахиад буруу төсөөлөхгүй, худал мэдээлэл өгөхгүй гэх баталгаагүй.

Зүйрлэвээс, өвдөж эхлэхэд оношоо буруу тавьсан эмч үхтлээ хүндрэх үед нь зөв эмчилнэ гэж үү! Тиймээс сайн дураараа ажлаа өгөх, өөрт нь буруу мэдээлэл өгсөн албан хаагчидтайгаа хамт хариуцлага хүлээх нь хамгийн зөөлөн шийтгэл болог!

Нийтлэлч У Оргилмаа


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна