• Эхлэл
  • Дуучин С.Амармандах:Би элдэв ёсолгоо хийгээгүй

Дуучин С.Амармандах:Би элдэв ёсолгоо хийгээгүй

2016/12/10

Дуучин С.Амармандах олон нийтэд зориулан мэдээлэл хийлээ. “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах буюу Амараа өнгөрсөн арваннэгдүгээр сарын 22-нд болсон “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүний үеэр ОХУ-ын ЭСЯ-ны ажилтанд зодуулж, биеийн байдал муу байсан. Түүний биеийн байдалд олон монголчууд санаа зовж байсан. Тэгвэл түүний бие харьцангуй дээрдсэн бөгөөд зодуулснаас хойш гараад байгаа элдэв ярианд тайлбар өгсөн байна. Түүний мэдэгдлийг хүргэж байна.

Тэрээр "Миний хувьд "Аз жаргалтай Улаанбаатар" гэдэг нэрийг нь бэлгэшээгээд энэ арга хэмжээнд дуулахыг зөвшөөрсөн. Хотын дарга С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй нар болон манай урлагийнхан ч мөн урилгаар очсон. Өнөөдөр би хэвлэлээр гарч байгаа зарим мэдээллүүдтэй холбогдуулан тайлбар хийхийг хүссэн юм. Нэгдүгээрт, хотын удирдлагуудыг энэ явдалд буруутгахаа болиоч оо гэж хэлмээр байна. Хоёрдугаарт, Би 23 дугаар дунд сургуулийг төгссөн, унаган орос хэлтэй, орос хүмүүжлээр хүмүүжсэн. Орос ах нараа ч хүндэлж явдаг. Мөн аав С.Сүхбаатар, өвөө Ц.Сэвжид нар маань ч ОХУ-д сурч байсан. Тиймээс Оросын ард түмнийг бүгдийг нь буруутгах хэрэггүй гэж хэлмээр байна.

Хас тэмдгийн тухайд монголчууд маань үеийн үед шүтэж ирсэн байдаг. Хас хээ бол Монголын язгуур, өв соёл. Энэ хээгээр би хэзээ ч бахархах болно. Би хас хээг тэнгэрийн тамга гэж шүтэж ирсэн. Мөн би хүлээн авалтын үеэр гадаадын зочид уригдсаныг мэдээгүй. Элдэв ёсолгоо хийгээгүй. Бас гадаадын зочны өмнө очиж элдэв үг ч хэлээгүй. Тийм хүмүүжил надад байхгүй. Намайг зодсон гадны иргэнийг би танихгүй. Очиж гар ч бариагүй. Харин гарч явах үед гэнэтийн халдлага болсонд нь харамсч байна. Харин намайг зодсон орос эрийг над дээр ирж ямар шалтгаанаар зодсоноо хэлээд уучлалт гуйвал би "Эр хүн эр хүндээ хайртай шиг ойлгох болно. Би түүнтэй учраа ололцохыг хүсч байна.

Энэ хэрэгт миний хувьд нийслэлийн удирдлагуудыг татан оролцуулах бодолгүй байна. Хэвлэл мэдээллээр миний өмнөөс янз бүрийн мэдэгдэл гарч байна. Намайг харанхуй өрөө рүү чирч оруулсан л гэнэ. Тийм юм байхгүй. Намайг сэрэхэд урлаг соёлын хүн гэдэг утгаар нь уруул ам нь сэтэрсэн, тархи толгойноос нь цус гоожсон байсан тул тусгаарласан байсан. Тэр өрөө нь гэрэлтэй байсан. Тэгээд түргэн тусламж дуудахаар сандарцгааж байсан. Би тав хоног ерөнхийдөө ухаангүй байлаа. Намайг хурдан эрүүл болж эдгээсэй гэж хүсч байгаа хүн бүрт баярлалаа. 10 гаруй хоног ухаан маань орж гаран байлаа. Энэ хугацаанд бүх зүйлийг нарийн мэдэж амжсангүй. Ойрын 2, 3 хоног нэлээд сураг ажиг тавилаа. Нэг хүний үйлдлээс болж, хоёр орны найрамдалт харилцаанд битгий сэв суугаасай гэж хүсч байна. Оросын ард түмэн Монгол Улсын хөгжилд их хувь нэмэр оруулсан шүү дээ. Тиймээс надад орос ах нарыг муугаар бодох учир байхгүй юм. Та бүхэн минь ч бас тэгж ойлгоорой" гэв.

Мөн тэрээр хэвлэлээр гарсан зарим асуудлуудад тайлбар хийсэн юм. Тэрээр "Хай Хитлер" гэж хэлээгүй бөгөөд эмчилгээний зардалд 300 сая төгрөг нэхээгүй гэнэ. Энэ тухай хэлэхдээ "Би өөрийгөө зодсон хүнийг таних ч үгүй байхад хэнээсээ мөнгө нэхэх юм бэ. Дээр нь би 10 гаруй хоног ухаангүй байсан учраас мөнгө нэхэх тэнхээ ч байгаагүй. Хурдан эдгэрээд та бүхэнтэйгээ алтан тайзан дээрээ л уулзахыг хүсч байна" гэв.

Одоогоор дуучин С.Амармандахын тархинд нь нөж хурсан, бага тархи нь доргисон байдалтай байгаа юм байна. Энэ нь  дагз руугаа араасаа цохиулах үед үүссэн аж. Харин түүнийг зодсон гэх ОХУ-ын ЭСЯ-ны дипломат ажилтанд Эрүүгийн хуулийн 181 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.

С.Амармандахын тайлбар хийсэн видеог дор дарж үзнэ үү.

Амараагийн видео бичлэг

Холбоотой мэдээллүүдийг дор дарж үзнэ үү 

Б.Лхагвасүрэн:Амараагийн бие харьцангуй дээрдэж байгаа

Амараагийн өмгөөлөгч ОХУ-ын ЭСЯ-д хандан мэдэгдэл гаргажээ

ОХУ-ын ЭСЯ:Өмгөөлөгчид эргэлзэж байна

Дуучин Амараагийн талаар үнэн ба худал


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин