• Эхлэл
  • С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн шүүх хурал 14-нд болно

С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн шүүх хурал 14-нд болно

2016/12/12

Олон жилийн турш эзэн нь илрэхгүй, гайхашрал төрүүлж байгаа төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг анх удаагаа шүүхийн шатанд шилжээд байгаа. Улсын ерөнхий прокурорын газраас өнгөрсөн аравдугаар сарын 23-нд хэрэг мөрдөн шалгалтын эцсийн шатандаа орсон гэж мэдээлсэн бол арваннэгдүгээр сарын 14-нд С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргийг нягталж дууссан ба прокурор яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлсэн гэсэн албан мэдээлэл гарсан юм.

Ийн С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал хэзээ болох талаар хүлээлт үүсээд байсан бол уг хурал арванхоёрдугаар сарын 14-нд болохоор тов гарсан байна. Шүүх хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхэд болох бөгөөд Ерөнхий шүүгч М.Алдар даргалан явуулна. Хэргийн улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцох бол хохирогч, гэрчээр С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун оролцох юм байна.

Энэ хэрэгт хүн амины хэргээр 25 жилийн хорих ял аваад байгаа Ц.Амгаланбаатар гэгчийн мэдүүлгээр Булган аймгийн харьяат Б.Содномдаржаа, Орхон аймгийн харьяат Т.Чимгээ нарыг холбогдуулан жил гаруй цагдан хорьж буй. Мөн С.Зориг агсны гэргий Ц.Булганыг мөн баривчлан саатуулж байсан бөгөөд хотын дарга асан Э.Бат-Үүлийг мөн улс төрийн зорилготойгоор холбогдуулах гэж байна гэсэн шуугиан дэгдэж байсан.

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хувьд ч ар гэрийнхэн нь жирийн иргэдийг хилс хэргээр гүтгэн баривчлаад байна гэж ар гэрийнхэн нь мэдэгдэж байсан юм. Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа

-Миний хүүг 60 хавтаст хэрэгтэй танилц гэсэн юм байна. Миний хүү хийгээгүй хэргээ хүлээхгүй. Тиймээс уншихгүй гээд уншаагүй юм билээ. Өөрийгөө хэрэгт гүтгүүлж золиослогдож байна гэдэг. Тиймээс шүүх хурлыг олон нийтийн дунд нээлттэй явуулж өгөхийг хүсч буйгаа хэлсэн юм гэж хэвлэлд мэдээлж байсан.  

Мөн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай хамтран С.Зоригийг хөнөөсөн гэж мэдүүлэг өгөөд байгаа Ц.Амгаланбаатар нарыг талийгаач Ш.Отгонбилэг агсантай холбоотой гэх мэдээлэл ч гарч байсан юм.

Яллагдагч Б.Содномдаржаа таксины жолоочийн амь насыг хөнөөсөн хэргээр цаазын ял сонссон ч  Ерөнхийлөгчийн өршөөлөөр 25 жилийн хорих ял эдэлж байгаа. Н.Амгаланбаатар Б.Содномдаржааг “Чамайг шоронд оруулна” гэж байнга дарамталж, мессеж бичдэг байсан гэх мэдээлэл бий. Энэ мэтчилэн энэ хэргийн талаар мундахгүй олон сенсаци, үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллүүд бий. Хэрэг гарснаас хойшхи 18 жилийн турш улстөрчид ч хангалттай, “шоудсан” гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Харин одоо шүүх хурал товлогдсоноор энэ бүхэнд хариулт гарч ирэх үү гэсэн хүлээлт үүсээд байна.

Бас нөгөө талаах өмнө нь Улсын ерөнхий прокурорын газраас энэ хэрэг “маш нууц” зэрэглэлд багтаж байгаа гэж мэдээлж байсан. Тэгэхээр шүүх хурлыг нээлттэй хийх эсэх гэсэн бас нэг асуулт гарч ирж байна. Хэрэгт холбогдогчид гэгдэж байгаа хүмүүсийн ар гэрийнхний хувьд шүүх хурлыг нээлттэй явуулаасай гэж хүсч байгаа аж.

А.Ану

Холбоотой мэдээллүүдийг дор дарж харна уу 

С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн ээлжит дуулиан

С.Зориг агсны хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн гэв


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Эдгээр хүмүүс хэлмэгдэж байна.Зочин А зүгээр хуц
    2016 оны 12 сарын 14
  • Зочин А
    Хэргийг илрүүлэх ажиллагаа тасралтгүй явсаны үр дүнд гарч байгаа байх шиг байна. 18 жил урт хугацаа ч энэ хооронд их зүйл өөрчлөгдсөн байна. Хүчний байгууллагынхандаа талархал илэрхийлье..
    2016 оны 12 сарын 13
Сонин хачин