• Эхлэл
  • Х.Нямбаатарыг огцрохыг шаардав

Х.Нямбаатарыг огцрохыг шаардав

2023/12/18

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар замын түгжрэл, ачааллыг бууруулах үүднээс авто машинуудыг дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцуулахаар болсноо ням гаригт мэдээлсэн. Энэ нь нийслэлчүүдийн эрхэнд халдсан үйлдэл гэж иргэдийн зүгээс багагүй эсэргүүцэл, шүүмжлэл өрнүүлж байна. Энэ асуудлаар нийслэлийн Ардчилсан намаас өнөөдөр /2023.12.18/ Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаа мэдээлэл хийлээ. Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт  хэвлэл хандаж  "Х.Нямбаатар нь нийслэлийн Засаг даргаар томилогдон ажилласан 66 хоногийн хугацаанд хүний эрх, эдийн засгийн эрх чөлөө, бусдын өмч хөрөнгөнд халдаж, хуулиас давсан шийдвэр гаргаж, хуулиас давсан эрх мэдэл хэрэгжүүлж байна.

Нэгд, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулах нэрээр иргэдийн орлогыг боомилж, хэтэвчийг нь нимгэлж, дансыг нь хоослох хууль санаачилсан 2023 оны арванхоёрдугаар сарын 7-нд УИХ-аар батлуулсан. Уг хуульд хоёр төрлийн татвар, гурван төрлийн торгуулийг нэмсэн нь хүний эрхэнд ноцтой халдаж байна.

Хоёрт, Аж ахуйн нэгж байгууллагын татварыг нэмэгдүүлж бизнесийн үйл ажиллагааг хаан боогдуулах шийдвэр гаргалаа. 2024 оны төсвийг 1.9 их наяд байхаар баталж, 93 хувийг нь татвар төлөгчид бүрдүүлнэ гэж хамаг ачааг иргэд, татвар төлөгчдөд үүрүүлж байна.

Гуравт, Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээ авах тухай захирамж гаргахдаа 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны хоёрдугаар сарын 1-н хүртэл 43 хоногийн турш автомашиныг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар болсон нь иргэдийн эрхэнд халдаж байна. Нийтийн тээврийн үйлчилгээ хүртээмжгүй, парк шинэчлэл хийгээгүй, хасах 30 градусын хүйтэнд иргэдийг хувийн унаагаараа зорчих эрхийг хязгаарласан нь эрүүл мэнд, амь насанд нь заналхийлсэн үйлдэл" болохыг мэдэгдлээ.

Тиймээс АН-аас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүргээ умартаж, Үндсэн хуулиар олгогдсон өмчтэй байх эрхэд удаа дараа ноцтой халдаж буй тул үүрэгт ажлаасаа огцрохыг шаардав. Уг шаардлагад Х.Нямбаатар нийслэлчүүдийн Үндсэн хуулиар олгосон эрхэнд бүдүүлгээр халдаж, уучлалт гуйж  А/1429 захирамжаа хүчингүй болгох, мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 65.1.2 дахь заалтын дагуу нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, хүн амын амьдралтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэн тус хуулийн 65 дугаар зүйлд  заасны дагуу хариуцлага тооцох ёстой гэжээ.  Тус намын зүгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарыг огцруулахыг НИТХ-ын төлөөлөгчдөд уриалж, гарын үсэг цуглуулах, цаашлаад Ерөнхий сайдад хандахаа мэдэгдэв.

Дашрамд сануулахад иргэдийн зүгээс энэ сарын 20-нд буюу нөгөөдөр нийслэлийн төв талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах гэж байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин