• Эхлэл
  • Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм

Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм

2024/03/26

Нийтлэлч Сэмүүний нийтлэлийг хүргэж байна.

Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм

УИХ-ын ээлжит сонгууль болоход гуравхан сарын хугацаа үлдээд байна. Сүүлийн найман жилд төр барьсан эрх баригч хүчин, МАН-ын хувьд энэ хугацааг эвхэж дуусгахыг хүсч байгаа бол АН-ын хувьд дэлгэж, дүүргэж ажиллах ёстой.

Өнгөрсөн найман жилд бодлогын болоод боловсон хүчний нөөцөө бүрэн шавхсан эрх баригч намын хувьд үлдсэн жаахан хугацаанд зарцуулж чадах ганц зүйл улсын төсөв, хөрөнгө болон төрийн өмчийн компаниудыг тоносон хулгайн мөнгө. Тэр нь ч гэсэн хязгаартай.

Харин АН-ын хувьд өнгөрсөн найман жилд алдагдсан боломж, авсан сургамжаа марталгүй, дуусгаагүй ажлаа гүйцээж, дундуур бодсон бодлогоо дүүргэх учиртай. Эрх баригч нам шиг хий эргэх цаг хугацаа, хором мөч байхгүй. Ирэх дөрөв, найман жилд, дараагийн арван жилд хэрэгжүүлэх бодлого, хүрэх ёстой өндөрлөгөө иргэд, сонгогчдод дэлгэж харуулах, өөрсдийн итгэл үнэмшил болгох ёстой. Өнгөрсөн найман жилд үгүйсгэгдсэн хүний эрх, эрх чөлөө, өмчийн эрх, хуулийн засаглал, нийгмийн шударга ёс бол АН-ын барих ёстой бодлого, явах ёстой зам, хүрэх ёстой өндөрлөг юм. Үүний тулд нам нэгдмэл хүчтэй, нэг үзэл санаатай байх ёстой.

Сүүлийн найман жил эрх барьсан (үнэн хэрэгтээ ардчиллын 34 жилийн 26 жилд нь эрх барьсан) МАН ам ангайх тоолондоо “Ардчиллын 30 жилийн алдаа завхрал” гэж ярьж, ардчилсан шинэчлэлт өөрчлөлтийн үнэ цэнэтэй бүхнийг үгүйсгэж, уландаа дэвсэлсэн. Хүний эрх, өмчийн эрх, улс төрийн эрх гэх мэт зүйлс иргэдийн амьдрал, амьжиргаатай хамт “уланд” унасан. Иргэд үзэл бодолтой байх эрхгүй болсон. Хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдсан. Олон улсын байгууллагаас 2024 онд хийсэн үнэлгээгээр нэн удахгүй дарангуйлалд шилжих эрсдэлтэй 42 орны тоонд Монгол Улс багтаж байна. 

Энэ бол өнгөрсөн 34 жилд хийсэн ардчилсан сонгуулийн үр дүн. Өөрөөр хэлбэл ардчилал дангаараа нийгмийн сайн сайхныг бүтээдэггүй. Ардчилал бидний явах ёстой зам болохоос эзлэх ёстой өндөрлөг биш юм. Ардчилал бидэнд сонгох эрхийг өгсөн боловч, сонголтыг улс төрийн намууд бий болгодог. АН өнгөрсөн найман жил парламентын гадна үлдэж, хамгийн муу сөрөг хүчин болсон шалтгаан нь намын дотоод зөрчил, хагарал тэмцэл, үзэл санааны сул дорой байдал юм.

Тиймээс 2016 оны сонгуулиас хойш, үнэн хэрэгтээ түүнээс ч өмнө намын дотоодод бий болсон хагарал зөрчилдөөнийг эцэслэж, нам нэг даргатай болсон нь, ардчилсан үзэл санаа нэг дээвэр дор багтсан нь өнгөрсөн нэг жилийн хамгийн том ололт юм. АН энэ удаагийн сонгуульд хэрхэн оролцох, ялах, ялагдахаас хамаарч Монгол Улс бусад ардчилсан орнуудтай хөл нийлж хөгжих үү, эсвэл дарангуйлалд эргэлт буцалтгүй шилжих үү гэдэг шийдэгдэнэ.

Үзэл баримтлалгүй нам шүншиггүй бурхантай адил

Ардчилал бол олонхийн засаглал. Олонхиороо шийдвэр гаргаж, цөөнхөө сонсдог тогтолцоо. Тиймээс намын олонхийн гаргасан шийдвэр нийт гишүүдийн мөрдөх ёстой дүрэм болдог. Гэхдээ олонхийн гаргасан шийдвэр, тогтоосон дүрэм үргэлж зөв байдаггүйг өнгөрсөн найман жилийн ухралт буцалт, алдагдсан боломж, цаг хугацаа бидэнд харууллаа. Улс орны хувьд ч, улс төрийн намын хувьд ч тэр.

Барилга барихын тулд архитектур, машин бүтээхийн тулд зохион бүтээгчийн шийдэл хэрэгтэй. Харин улс төрийн намын хувьд үзэл баримтлал, үнэт зүйл гэж юм байдаг. Улс төрийн нам үзэл баримтлал, үнэт зүйлгүй бол шүншиггүй бурхнаас ялгаагүй. Тиймээс улс төрийн намууд үзэл санаа, үнэт зүйлээрээ өрсөлдөж, сөргөлдөж оршин тогтнодог. Түүнийгээ улс төрийн бодлого, мөрийн хөтөлбөр болгож дэвшүүлдэг, ялсан нам нь бодлогоо хэрэгжүүлдэг.

МАН-ын хувьд зүүн төвийн үзэлтэй, нийгмийн халамж, төрийн зохицуулалт, нийгмийн тэгш байдлыг (тэгш эрх биш) үнэт зүйлээ болгодог. Хүний хөдөлмөрлөж олсон баялгийг татварлаж аваад хөдлөмөрлөөгүй хэсэгт нь халамж болгож өгөхийг нийгмийн тэгш байдал гэж үздэг. Наймхан жилийн дотор намын дарга, УИХ-ын гишүүд, сайд нар, хотын даргаасаа эхлээд улсын Ерөнхийлөгч нь хүртэл Монголын тэргүүн баячууд, тэрбумтнууд болсон явдал үүнийг нотолно. Огт ямар ч бизнес хийдэггүй, ямар ч компани, аж ахуй эрхэлдэггүй мөртлөө шүү дээ.

Харин АН-ын хувьд баруун төвийн үзэлтэй, хүний эрхийг дээдэлдэг, хувийн өмчийг хамгаалдаг, төрийн зохицуулалт, дарамтыг аль болох бага байлгах, татварыг бууруулах, авсаархан чадварлаг төртэй, хүчирхэг эдийн засагтай байхыг бодлогоо болгодог. Харамсалтай нь, цаг үргэлж энэ үзэл санаан дээрээ хатуу байж чадаагүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Улс төрийн намын үндэс суурь болох үзэл санаа, үнэт зүйл гэдэг юм сулраад, алсраад ирэхээр нам дотор лидер дагасан өрсөлдөөн, сөргөлдөөн бий болдог, бүлэг фракцид хуваагддаг. Үүнийхээ нанжидыг АН өнгөрсөн найман жилд сайтар эдэлсэн. Төрийн эрх барьсан намаас хамгийн муу сөрөг хүчин болтлоо уруудсан. Үүнийг буцаах арга нь өөрийн үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ хатуу зогсох, хамгаалах явдал.

Тиймээс Л.Гантөмөр намын дарга болоод хамгийн түрүүнд хэлсэн зүйл нь “Үзэл баримтлалтай, үнэт зүйлтэй нам болно оо. Лидерүүдийн талцал хуваагдлыг таягдаж хаяна аа. Гишүүддээ суурилсан нам болно оо” гэсэн. АН хамгийн богино хугацаанд засагласан боловч хамгийн олон лидертэй нам. Лидерүүд нь дор бүрнээ характертай, харизмтай. Тийм хүмүүс намыг хагалах нь маш амархан байдаг. Тиймээс гишүүддээ түшиглэсэн нам байя аа гэсэн. Гишүүд нь лидерүүдээ дагаж хагардаг биш, намынхаа үзэл баримтлал, үнэт зүйлдээр нэгддэг, түүний төлөө явдаг байх тухай.

Намын мөрийн хөтөлбөр ч гэсэн үүн дээр тогтох ёстой. Хүний эрх, өмчийн эрхийг хамгаалахын тулд юу хийх вэ, төрийг цомхон чадварлаг болгохын тулд ямар арга хэмжээ авах вэ, хүн биш хууль засагладаг нийгмийг яаж бүтээх вэ гэх мэт. Тэгвэл иргэд, сонгогчид нь ч, гишүүд нь ч “Энэ жинхэнэ АН байна аа, манай тал мөн байна аа” гэж итгэж үнэмшинэ. Сонголтоо хийхэд хялбар, ойлгомжтой болно.

Намын үзэл баримтлал гэдэг нь зүйрлэвэл тулаанд барьж ордог туг юм. Сүүлийн хоёр сонгуулиар баахан туггүй нөхөд байлдлаа шүү дээ. Ардын намтай ав адилхан юм ярьдаг, ард түмэн аль талд нь орохоо мэдэхгүй. Аргаа бараад арай мөнгөтэй, бэлтэйд нь саналаа өгөө биз дээ. Амаа барьж байгаа нь л одоо болохоос биш.

Тийм болохоор АН одоо МАН-ын аргаар сонгуульд өрсөлдөнө гэж байхгүй. АН бол АН юм гэдэг ялгарлаа харуулах хэрэгтэй. Энэ ялгарал нь АН-ын үзэл баримтлал, үнэт зүйл байх болно. Сонгууль ойртох тусам МАН-ын дарга нар өөрийнхөө тугийг шидчихээд АН-ын тугийг шүүрэх гэдэг болсон байна. Хүний эрхийг дээдэлнэ, хувийн өмчийг хамгаална гэнэ. Худлаа шүү, Хувьсгалт намын үр могойд тийм мөн чанар байхгүй. Арчиллын үнэт зүйлсийг АН л хамгаална. Хамгаалж чадахгүй бол нэг намын дарангуйлал руу эргэлт буцалтгүй явна. Ийм л юм.

inews.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин