• Эхлэл
  • Сонгогчдоо хүндэтгэж бодлого задалцгаа...

Сонгогчдоо хүндэтгэж бодлого задалцгаа...

2024/06/17

Сэтгүүлч Бадамдоржийн Ганчимэгийн нийтлэлийг хүргэж байна. 

Намын дарга нарын сонгууль нээж хэлсэн үгнүүдийг хайлаа. Үнэндээ МАН институц учраас өөр юм даа. Ингэж хэллээ гээд яаж ч над руу дайрч болно. Яах аргагүй л ийм байна. Бусад намуудын дарга нарын үг гээд тоож тогтоож уншчихмаар стандарт зүйл алга л байна шүү дээ.

Тийм болохоор МАН-ын даргын үгийг тухтай сууж байгаад нэг бүрчлэн уншиж үзлээ. Манайхан хий л галзуураад шуураад байхаар унших юм байвал нухацтай хараарай даа. Үнэндээ унших юм энэ сонгуулиар ховор байгаа болохоор нээлтийн үгийг зориуд хайж олж үзлээ. Эрхбиш мөрийн хөтөлбөрүүдийг бол буурьтай сонгогчид нүднийхээ хажуугаар өнгөрөөхгүй биз хэмээн найдна. Сайн харьцуулж үзэх хэрэгтэй. Ер нь бол цахимаар шууруулж хийж байгаа сошил сонгууль шүү дээ. Зориуд ингэж явуулж ч байх шиг байна. Улаан галзууг нь хоёр туйл руу тултал хөдөлгөж, ултай суурьтай бодох чөлөө олголгүй, нухацтай ганц нийтлэл, томоохон суурьтай ярилцлага ч гар дамжуулж уншуулалгүй явуулж байна. Хаа хаанаа хөөрсөн хөөсөрсөн сошилчдод тааруулж сонгуульдах бодлого барьчихлаа гэж харж байна. Угаасаа уншдаг бичдэг соёлоос хол үе ирж байна даа. Сурталчид буюу пиарчид нь ч зайлуул хэмжээ нь ийм аж. Би сүүлийн 30 жил ажилласан бүх Ерөнхий сайдаас ярилцлага авч байсан. Тэр ёсоороо эдүгээн Ерөнхий сайдаас ярилцлага авсан. Гэвч бүрэн эхээр нь, өөрийн бичиж буулгаснаар, намайг олон жил уншиж ирсэн уншигчиддаа уншуулж харин чадсангүй. Хэмжээ ч томдлоо. Хэдэр ёдор аашнаасаа ч боллоо. Ингээд  ярилцлагаа “цаазлуулчихлаа”. Харамсалтай л байна. Гаднаас нь баахан учрыг нь олоогүй байж намайг нүдлээ. Гэхдээ уншуулах хэлбэрээ би олчихсоон. Ярилцлагын хар номынхоо гуравдахийг хийнэ. За, энэ ч яахав. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн нээлтэд хэлсэн үгнээс онцлог ишлэлүүдийг түүв. Том үг учраас уншихад амар болгож байгаа юм. 

Л.Оюун-Эрдэнэтэй би олон удаа, олон цаг ярилцаж иржээ. Анх уулзахад ярьж байснаасаа тэр буцаагүй. Ааш авираа хувиргаагүй. Хийнэ гэж хэлж байснаа хийж яваа. Хаана ч би энэ үгийг хэлнэ. Гурван жилийн өмнө л намынхаа их хурал дээр тэр урьд өмнийн дарга нараас тэс өөр дуугаралт хийж, тэс өөр бодлого зарласан шүү дээ. Тэрийгээ л хэрэгжүүлж яваа. Ардын намтайгаа ч, анд нөхөдтэйгөө ч тэр тэмцлээ. Амар биш шүү, энэ бүхэн. 

Одоо бол энэ хүн түүхээр шүүлгэх түвшний хүн болсон учраас энд би түүний дайснуудад салбартал нүдүүлэх, тэр хүн ч элдвээр дайруулж давшуулах аль аль нь нэгэнт сонин биш юм. Хэтэрхий гэнэн, ямар ч аргументгүй савсаг дайралтуудыг олон нийт ч авч хэлэлцдэггүй юм байна. 

Энэ удаагийн сонгууль бол өвөрмөц сонгууль. 76 гишүүнтэй Улсын Их Хурал төгсгөлөө хийлээ. Үүнтэй хамт өнгөрсөн 30 жилийн амжилт бүтээл, алдаа оноо  ТҮҮХ болон үлдлээ. Одоо бид цоо шинэ парламентын эрин үеийг эхлүүлэх гэж байна. 

Ийм онцлог сонгууль учраас зарчмын хувьд намын дарга нар ямар үг хэлснийг бид тогтож үзэх ёстой. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үгийнхээ эхний хэсэг дотор “Улс орон бол хүний биетэй адил амьд организм билээ. Эд эс, эрхтэн бүхэн эрүүл байж, цусны эргэлт хурдасч, дархлаа хэвийн байж эрүүл, эрч хүчтэй байдаг шиг улс орны хөгжил цогц ойлголт бөгөөд шинж тэмдэгтэй зууралдах биш амьд организмийг доголдуулж буй шалтгааныг зөв оношлож, суурь РЕФОРМ хийх ёстой “ гэж зориуд тодотгож хэллээ. Мэдээж зүгээр ч нэг ингэж хэлсэнгүй. Реформ бол та бидний идэвхитэй оролцоо, эр зориг шаардсан тэмцэл, харах өнцгөө өөрчлөх хандлагаас эхлэх учиртай. Реформ бол шинээр төрөлт биш харин хуучин замнал доторхи үнэт зүйлийн дахин төрөлт юм. Реформ бол мартагдсан зорилгоо санах, алдагдсан зарчим руугаа буцах эргэлтийн цэг юм гэж тэр онцолж байна. Мөн тэрбээр “Бидэнд АРДЧИЛАХ нь зүйтэй гэдэг хүсэл эрмэлзэл байснаас ардчиллаа хамгаалах сургамж, төлөвшүүлэн хөгжүүлэх туршлага, дүгнэлт хийх цаг хугацаа байгаагүй нь үнэн” гэдгийг ч хэлэв . Ингээд түүний үгнээс онцолсон ишлэлүүдээ толилуулъя. 

  • Реформ бол хувьсгал бишээ! Харин реформ бол хувьсгалын үзэл санаа, үнэт зүйлийг дахин тодотгох ЭРГЭЛТИЙН ЦЭГ юм.
  • Мартагдсан зорилго руугаа буцах, алдагдсан зарчим руугаа эргэх ухаарлыг А.Амар нарын үндэсний дэвшилтэд сэхээтнүүд “ШИНЭ ЭРГЭЛТИЙН БОДЛОГО” хэмээн тодорхойлж байсан.
  • Харин өнөөдөр бид Санжаасүрэнгийн Зоригийн мөрөөдсөн, манай ахмадуудын итгэж эрхээ шилжүүлсэн ардчилсан хувьсгалын АНХНЫ үнэт зүйлийг эргүүлэн авчрахын төлөө РЕФОРМ хийх шаардлагатай болсон байна.
  • Ардчилал бол хэн нэгэн хүн, аль нэг улс төрийн намын өмч бишээ! Ардчилал бол албан тушаалд сүнсээ худалдаж, амин хувийн шуналаар үнэт зүйлээ сольсон хэдхэн хүний авилгын хэрэгсэл бүр ч бишээ!!!
  • Ардчилал бол энгийн иргэдийг утсаар чиглэл өгч эрүүдэн шүүдэг улс төрийн тусгай эрх бишээ! Ардчилал ногоон байгууламжийг устгаж, хүүхдийн сургууль цэцэрлэгийн газрыг хувьдаа завших завхрал бишээ!
  • Ардчилал бол Д.Сүхбаатарын талбайг худалдаж, С. Зоригийн хөшөөг буулгах хэмжээний анархизм бишээ!
  • Ардчилал бол ЭРХ ЧӨЛӨӨ ба ҮҮРЭГ ХАРИУЦЛАГЫН нийлбэр, ардчилал бол өөрөө өөрийгөө дүгнэж, амжилтаа тодотгож, алдаагаа засч чаддаг нээлттэй нийгэм билээ.
  • Тиймээс ч бидэнд ардчиллын хоёрдахь давалгаа болсон реформ шаардлагатай. Реформ нь гаргасан алдааныхаа учир шалтгааныг олж засах, дахин зөв хэлбэршүүлэх, хоёрдмол байдлаас гарч чадах ШИНЭЧЛЭЛ юм...
  • Ардчилсан хувьсгалын үзэл санааг бүдгэрүүлж, иргэдийн мөрөөдлийг хулгайлж, урмыг хугалж, итгэлийг эвдсэн зүйл бол АВИЛГАЛ юмаа!
  • Авилгал бол монгол улсын хөгжлийг боомилж, амьд организмын эд эс бүхэнд өөхөн давхраг үүсгэж, уураг тархины судсанд харвалтын хэмжээний зангирал, дотоод эрхтэнд хавдрын хэмжээнд голомтолсон хорт үзэгдэл юм.
  • Шинэ сэргэлтийн Реформ бол ардчилсан үнэт зүйлийг гажуудуулсан авилгатай НАМ ХАРГАЛЗАЛГҮЙ ТЭМЦЭХ та бидний хамтын эр зориг байх ёстой.
  • Энэхүү реформ гацсан бүхнийг хөдөлгөх, гажсан бүхнийг засах, эдийн засгаа хүртээмжтэй болгох, Монгол улс тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, ардчилсан парламентын засаглалаа аварч үлдэх Та бидний хамтын тэмцэл байх учиртай.
  •  Ирэх 4 жил… Дэлхий олон туйлт ертөнцөд хуваагдсан нэн эрсдэлтэй нөхцөл байдалтай нүүр тулах гэж байна. Цар тахлын эдийн засгийн хүндрэлийн ард, дайны сорилт давхцсан нь нөхцөл байдлыг бүр ч ээдрээтэй болгож байна.  
  •  Энэ жил дэлхийн 60 гаруй улсад улс төрийн сонгууль явагдана. Олон улсын хүчний харьцаа, нөхцөл байдлаас хамаарч дэлхийн газрын зураг өөрчлөгдөх хэмжээний ч томоохон үйл явдлууд өрнөж болзошгүй гэдгийг эрдэмтэн судлаачид анхааруулж байна.
  • Улс төрийн намуудтай зөвшилцөн, үндсэн хуулийн холимог тогтолцоонд шилжиж, төлөөллийн тоог нэмэгдүүлсэн нь ч олон улсын геополитикийн шуурганд тусгаар тогтнол, ардчилсан парламентийн засаглалаа хамгаалан үлдэх үндэсний эрх ашгийн төлөөх улс төрийн шийдвэр байсан юм.
  •  Ирэх 4 жилд дэлхийн эдийн засгийн өсөлт дунджаар 3 хувь байх бөгөөд та бидний дэвшүүлж буй Эдийн засгийн төлөвлөгөө хэрэгжихэд дунджаар 6 хувийн өсөлт шаардана.
  • Эдийн засгийн төлөвлөгөө шинж тэмдэг биш түүнийг бүрдүүлж буй суурь асуудлуудыг шийдвэрлэхэд илүүтэй чиглэж байгаа тул, намын жагсаалтыг мэргэжлийн экспертүүдээс бүрдүүлж, улс төрчдийг тойрогт өрсөлдүүлэх зарчмыг баримталлаа.
  •  Ирэх 4 жилийн төлөвлөгөө Хот хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжлийн реформд илүүтэй чиглэх болно.
  • Энэ ч утгаараа Монгол Ардын Намын жагсаалтын тэргүүнд Хот төлөвлөгч, мэргэшсэн архитектур, хот байгуулалтын доктор, Ази, Латин Америкийн 10 гаруй улсын хот төлөвлөлтийн төсөлд зөвлөхөөр ажилласан манай улсын шилдэг залуу мэргэжилтэн Ганзоригийн Лувсанжамцыг урьсан юм.
  • Ирэх 4 жил Шинэ сэргэлтийн бодлогын Хот, хөдөөгийн сэргэлтийг эрчимжүүлэх, Мянганы зам төслийн үргэлжлэл болгож, аймгийн төвүүдийг хооронд нь, боомтуудтай холбосон таван тойрог автозамын төслийг хэрэгжүүлэх, Шинэ хоршоо хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх их бүтээн байгуулалтын ажлыг үе шаттай өрнүүлэх болно.
  • Хар хорум болон бүсчилсэн хотууд, боомт түшиглэсэн суурин газруудын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх болно.
  • Нийслэл Улаанбаатар хотыг бүсчлэн хөгжүүлэх, эмнэлэг, сургууль цэцэрлэг, эрүүл аюулгүй ногоон байгууламж, соёл, спортын үйлчилгээг 20 минут дотор авах шинэ стандартыг тогтооно.
  • 20 минутийн хотыг байгуулахын тулд нийслэл Улаанбаатар хотод өнгөрсөн 30 жилийн хөрөнгө оруулалтын нийлбэр дүнг ирэх 3 жилд багтаан шийдвэрлэх бөгөөд шаардлагатай дэд бүтцийн ажлуудыг Засгийн газар эхний 100 хоногт багтаан эхлүүлж, бүрэн эрхийн хугацаанд бүрэн хэрэгжүүлж дуусгана.
  • Энэ бүтээн байгуулалтын ажлын хүрээнд бид Хотын төвийг Хөшгийн хөндийтэй холбож, нийслэлийн их, бага тойрууд төвлөрсөн төрийн эрх мэдлийг задлаж, нийтийн үйлчилгээний нэг цэгийн төвийг “E Mongolia” төсөлтэй уялдуулан шинээр байгуулах болно.
  • Шинэ хот, шинэ 30 жилийн билэгдэл, улс орны нүүр царай болсон Өөдөө тэмүүлэх Монгол буюу “GO MONGOLIA” гүүрийг байгуулах болно.
  • Бид Үндэсний баялгийн сангаар үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөрийг “Сингапур улсын загвараар хэрэгжүүлнэ. Энэ бол зөвхөн орон сууцжуулалт биш харин орон сууцжуулалтыг дэмжих санхүүгийн шинэ тогтолцоо юм.
  • Газрын дээр хот сүндэрлүүлэх бол газрын доорх ертөнцөөс хамаарна. Бид өнгөрсөн хугацаанд боомтын боомийг тайлж, дотоодын нийт бүтээгдэхүүнийг 36 их наядаас 70 их наядад хүргэж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 3000 ам доллараас 5875 ам долларт хүргэж чадсан шиг, ИРЭХ 4 ЖИЛ эрчим хүчний салбарын боомийг тайлах цогц реформыг хийх болно.
  • Эрчим хүчний реформд мэргэжлийн, нийгмийн мөн улс төрийн манлайллыг үзүүлж чадна гэдэгт итгэж, Монгол ардын нам жагсаалтынхаа хоёрдугаарт Австралийн Middleton группийн эрчим хүчний ахлах инженери, тархмал эх үүсвэр, ногоон эрчим хүчний чиглэлээр докторын зэрэг хамгаалсан манай шилдэг эрдэмтэн судлаачдын нэг Мөнхчулууны Энхцэцэгийг нэр дэвшүүлж байна.
  • Бид хаадын нэрээр нэрлэгдсэн гадаад бондуудын өрийг төлж дуусгаснаар Эрдэнэбүрэн, Бөөрөлжүүт, Тавантолгой цахилгаан станц зэрэг олон жил яригдсан төслүүдийн санхүүгийн эх үүсвэрийг хангах эдийн засгийн орон зайг гаргаж чадсан.
  • Та бид хамтдаа агаарын тээврийг либеральчлалыг шийдвэрлэж, аялал жуучлалын салбарт үсрэлт хийж чадсан шиг, ЭРЧИМ хүчний либеральчлалын бодлогыг улс төрийн намуудтай зөвшилцөн хэрэгжүүлэх болно.
  • Монголчууд бид далайд гарцгүй ч, оюун санааны хувьд түгжигдмэл биш үндэстэн билээ. Бид хөгжлийг хөөж биш угтаж гүйцэхэд мэдээлэл технологийн салбар, хиймэл оюун ухаан, их өгөгдөлд тулгуурласан мэргэжлийн шийдэл хэрэгтэй.
  • Эх орондоо энэ хурдыг авчраасай гэж, энэхүү салбарын эрхзүйн орчноо өөрсдөө тодорхойлоосой гэж ОНДО-г үүсгэн байгуулагч, Чинбаатарын Анарыг энэхүү жагсаалтад урьсан юм.
  • Энэ төлөөлөл бол Та бүхний мэргэжлийн орон зай бөгөөд Та бүхний хурдтай шийдлийн дуу хоолой байна гэдэгт итгэж байна. Монгол улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн Рэгдэл гуайг нэр дэвшүүлсэн нь ч нийт эрдэмтэн судлаачдынхаа идэвхитэй оролцоог уриалан дуудсан бидний хамтын шийдэл юм.
  • Энэхүү эдийн засгийн төлөвлөгөөнд анх удаа шинжлэх ухааны хөгжлийг бие даасан бүлэг болгосон бөгөөд бүх салбарыг дамнасан ШИЙДЭЛ бол шинжлэх ухаан технологийн салбарын хөгжил хэмээн тодорхойлсон
  • Хилийн чинадад сурч боловсорч, амьдарч буй эрхэм Монголчуудаа! Та бүхний эзэмшсэн боловсрол, хуримтлуулсан туршлага Монгол улсад ус агаар мэт хэрэгтэй билээ.
  • Монголчууд бид тэрбумуулаа эсвэл хэдэн зуун саяуулаа биш ээ! Бид гуравхан саяуулаа. Тиймээс ч Монгол улс хөгжилд Монгол хүн бүрийн идэвхитэй оролцоо хэрэгтэй. Хилийн чинадад амьдарч буй Монголчууд маань төр засаг биднээс хол, бидний дуу хоолой хүрдэггүй, биднийг сонсдоггүй гэдэг урам хугаралттай олон жил болсныг бид мэднэ.
  • Харин энэ удаа үг биш үйлдэл болгож Та бүхний төлөөлөл Харвардын нийгмийн эрүүл мэндийн ухааны их сургуулийн багш, дэд профессор Даваасамбуугийн Ганмаа докторыг Монголын Парламентад хүчтэй дуу хоолой болж чадна гэдэгт итгэж нэр дэвшүүлж байна.
  • Дэлхий даяар тархан суугаа Монголчуудын оролцоо, дуу хоолой идэвхижээсэй гэж, олон улсын түвшний эрдэмтэд судлаачдынхаа эх орныхоо хөгжилд оролцох урмын гүүр сэргээсэй гэж, эрүүл мэндийн салбарыг дэлхийн түвшинд хүргэх ТҮҮХЭН РЕФОРМЫГ хийгээсэй гэж, цар тахлыг даван туулсан цагаан нөмрөгтэй баатрууддаа ХҮЧ НЭМЖ ХАМТРААСАЙ гэж, бас ХАМТ ЗОВООСОЙ гэж энэхүү улс төрийн шийдвэрийг гаргасан юм.
  • Аль ч улс орны ирээдүй бол өнөөдрийн хүүхэд залуучууд билээ. Хүн өссөн орчноо сонгож чадахгүй ч ирээдүйгээ өөрчилж чадах хүчирхэг зэвсэг бол боловсрол юм.
  • Уламжлал, түүх, соёлоо хүндэтгэж чадсан улс орон удаан оршин тогтнодог жамтай. Тийм ч учраас боловсрол бол Монгол монголоороо байх тусгаар тогтнолын эх үндэс юм. Эх оронч, эрдэм боловсролтой ирээдүйн иргэнийг бэлдэх хоёрдахь гэр бол сургууль цэцэрлэг. Тэр танхимд ирээдүйг урлан бүтээлцэж буй эрхэм хүмүүс бол багш нар билээ.
  • Багшийн талаар барьж буй бодлогыг шинэ түвшинд гаргахгүйгээр бид улсын ирээдүйг гэрэлтэй цогцлоох боломжгүй. Тийм ч учраас хууль тогтоох төрийн дээд байгууллагад байх нь зүйтэй хэмээн үзэж манай нэр хүндтэй сурган хүмүүжүүлэгч Жанчивын Галбадрах багшийг нэр дэвшүүлсэн юм.
  • Их дээд сургуулиуд хөгжлийг түүчээлэх эрдэм шинжилгээний лабортариуд билээ. Улс орон, дэлхийн түүхийг урагшлуулсан шинэ бүтээл, оновчтой саналуудын дийлэнх их дээд сургууль, оюутнуудын орчинд бий болсныг дэлхийн түүх нотолно.
  • Манай улсын оюун санааны охь болсон их дээд сургуулиудын багш нар төрийн үйл хэрэгт идэвхитэй оролцох нь ирээдүйн хөгжлийн хандлагын өөрчлөлт гэж үзэн доктор Д.Бум-Очир, Ч.Лодойравсал, Д.Бумдарь, удирдлагийн академийн багш доктор, Зулпхар, Хэрлэн зэрэг их дээд сургуулийн, эрдэмтэн судлаачдын олон докторууд ирэх парламентад Монгол улсын хөгжлийн бодлогыг тодорхойлолцох боломжийг хамтдаа бүрдүүлэхийн төлөө багш нар маань нэгдэнэ гэдэгт итгэж байна.
  • Ардчилал бол иргэн бүхэнд тэгш хандах, хуулийн өмнө иргэн бүхэн тэгш эрхтэй байх хамтын үнэт зүйл билээ.
  • Иргэн бүхэн нийгмийн хөгжилд тэгш оролцох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хандлагын харах цонхыг илүү тунгалаг болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй эрхзүйн орчин, стандартыг бүрдүүлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө нийгмийн зүтгэлтэн, эрүүл мэнд судлаач, тун удахгүй Аз жаргалын индекс, нийгмийн тэгш оролцооны талаар докторын зэрэг хамгаалах гэж буй Отгоны Саранчулуун Монголын парламентийн түүхэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхны төлөөлөл болох болно. Амжилт хүсье!
  • Төр бол нийгмийн хөгжлийн нэг л бүрдүүлэгч тал нь билээ. Хувийн хэвшил, ажил олгогчдын дуу хоолой болсон Худалдаа аж үйлдвэрийн танхим, ажилчдын шударга ёсны дуу хоолой болсон Үйлдвэрчний эвлэл Парламентад төлөөлөлтэй байх нь олон улсын нийтлэг жишиг билээ.
  • Татварын реформ хийж, бизнесийн жам ёсны орчныг шинэчлэх эрхзүйн орныг бүрдүүлээсэй гэж, хөдөлмөрийн үнэлэмж шударга байгаасай гэж, ажил олгогч, үйлдвэрчин одоогоос илүү хүчтэй дуу хоолой байгаасай гэж, Монгол улсын хөгжлийн цагийг хэмнэх нийтлэг жишгийг бүрдүүлэхийн төлөө Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг Ерөнхий сайдын хувьд урьсан билээ.
  • Үндсэн хуулийн хувь тэнцүүлсэн тогтолцооны реформ хийж, хаалттай улс төрийн ертөнцийг нээлттэй болгож, олон мэргэжил, салбар салбарын төлөөллийг намын жагсаалтанд урьж оруулахдаа эдгээр ЭРХЭМҮҮДЭЭ улс төрийн намын явцуу хүрээнд оруулж хайрцаглах биш, харин ч эсрэгээрээ хайрцаглагдсан сэтгэлгээнээс улс төрийн намуудыг, улстөрчдийг гаргахаар зорьж байгаа юмаа!
  • Энэ удаагийн сонгууль Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан парламентын засаглалаа дэлхийн геополитикийн давалгаанд хамгаалан авч үлдэх хариуцлагатай СОНГОЛТ байх болно. Энэ бол АРД ТҮМНИЙ ЯЛАЛТ БАЙХ БОЛНО.

Тэр ингэж илэн далангүй үгээ хэлж байна. Учирлаж, тайлбарлаж байна. Сонгогчидоо хүндэтгэж байна гэсэн үг л дээ. Том нам учраас бодлого ярьж байна. Дэлхийн дүрэм өөрчлөгдөж байхад дээлээ ураад л ноцолдоод байх одоо хэнд ч сонин биш шүү. 

 

Сэтгүүлч Б.Ганчимэг


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин