Цэнхэр ТУГ!

2024/06/21

“Би амьсгалж чадахгүй байна”. Талийгаачийн амьсгал тасрахдаа хэлсэн сүүлчийн үг. Зул асаасан зурагных нь өмнө журмын нөхөр нь, намын дарга нь нулимстай нүдээ арчиж сууна. “Нулимс гэдэг сэтгэлийн зарлигаар гадагш асгарч байгаа тархины угаадас” гэж Бавуугийн Лхагвасүрэн гуай нэгэнтээ хэлсэн байдаг. Хамгийн гунигтай нь, эр хүний, эсрэг намынхаа даргын нулимсыг үзэх хэмжээнд очтолоо Монголын улс төр бохирдсон байна. Монголд дарангуйлал тогтож байна. Монгол хүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй болсон байна.

1.

Ардчилсан хувьсгалын ачаар Монгол Улс хараат  байдлаас гарч, жинхэнэ утгаараа тусгаар тогтнолоо олсон юм. Тусгаар тогтнолоо олсон монголчууд өмчтэй хөрөнгөтэй, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй болсон. Атал сүүлийн найман жилд Монголын ардчилалд аюул нүүрлэжээ. Дэлхийн газрын зураг дээр цэв цэнхэрээр тэмдэглэгдсэн Монгол Улс улам бүр улаан өнгө рүү уусч байгаа нь харамсалтай.

Гаднаас нь харахад Монгол Улс төрийн олон намтай, парламентын засаглалтай, хэдэн зуун хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй. Авчиг, Монголын ардчилал нэн эгзэгтэй түвшинд хүрснийг, саарал жагсаалт руу орсныг  Олон улсын ардчилсан холбоо /IDU/-ноос сануулсаар байгаа юм.

Ардчилалд аврал хэрэгтэйг харуулсан бас нэгэн нотолгоо нь “V-Dem” институтиэс гаргасан тайлан агаад цагтаа Азийн ардчиллын Баянбүрд гэгдэж явсан Монголын индекс 2022 онд 16, 2023 онд дөрвөн байраар арагшилжээ. Авлигын индекс 2016 оноос хойш нийтдээ 50 байраар ухарч, хэвлэлийн эрх чөлөө хэдэн арван байраар хойшилсон.

Ардчилал бол Монголын амьд үлдэх баталгаа. Учир нь, хүн төрөлхтөн ардчиллаас өөр сайн засаглал одоогоор олоогүй яваа. Тэгэхээр Монголын амьд үлдэх баталгаа нь ардчилал мөн бол ардчиллын амьд үлдэх боломж нь Ардчилсан намын COMEBACK.

Хоёр ч сонгуульд дараалан “өвдөг шороодсон” Ардчилсан намын хувьд хамгийн хүнд нөхцөлд, хамгийн хариуцлагатай сонгуульд орж байна.  Ардчилсан нам бол монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх хүсэл тэмүүлэл дээр үүсэн байгуулагдсан нам. Ардчилсан нам амьд үлдэж байж Монголын ардчилал хамгаалагдана.  Тиймээс Ардчилсан нам улс төрийн тайзан дээрээ эргэн ирж чадах эсэх нь, Монголын ардчилал амьд үлдэх үгүй нь Л.Гантөмөрийн улс төрийн бодлоготой холбоотой.

2.

“Монгол хүнийг гэдэг бодлогыг монгол төрийн бодлогын төвд аваачихгүй бол Монгол ирээдүйд орших уу, эс орших уу дээрээ иржээ”. Л.Гантөмөрийн монголчуудаасаа гуйж буй амин хүсэл энэ. “Энэ удаагийн сонгууль Монгол ардчилсан улс байх уу, үгүй юү, Монгол оронд хүний эрх, эрх чөлөө үлдэх үү, үгүй юү, дарангуйлагч төрөх үү, үгүй юү гэдгийг шийдэх сонголт байна” гэх үг нь гашуун хийгээд бодит анхааруулга.

2016 оны сонгуулийн дараа гудамжинд гарсан, 2020 оны сонгуулийн дараа албан бусаар хоёр хуваагдсан Ардчилсан намыг нэг бүтэн, нэг цул, нэгэн дээвэр дор нэгтгэх нь Л.Гантөмөрийн эхний даалгавар бас даваа байлаа.

Түүнийг Ардчилсан даргаар анх сонгогдоход тодорхойлох харизмгүй, олонд таалагдах характергүй гэж шүүмжлэх хүмүүс цөөнгүй байсан. Тэдний нэг нь би бээр. Тиймдээ ч Л.Гантөмөр АН-ын мануухай юу, ардчиллын манаач уу гэх асуулт дайсан нийтлэл бичиж байв. Монголчууд “хатууг зөөлөн нь иддэг, харанхуйг гэрэл иддэг” гэж ярьдаг. Тэр бусдаас чанга хашгирахаас илүү бусдад хүлээн зөвшөөрүүлэх ажлаа чимээгүйхэн хийсэн. Түүнд өөрөө өөртэйгөө зөрчилдөх, маргалдах үе цөөнгүй гарсан байх. Гэвч, хувийн ашиг сонирхлынхоо төлөө Монголын ардчиллыг арай ч худалдчих тэнэг хүн биш. Эх орноо, элгэн саднаа харьд зарчих элэг, зүрхгүй улстөрч бүр биш.Товчхондоо, тэр гадаадын гар хөл болохгүй ээ. АН-ын төлөө, ардчиллын төлөө хар залуугаасаа зүтгэсэн түүнд ядаж хүний эрх, эрх чөлөөг дээдлэх үнэт зүйл түүнд бий.

Нуугаад яах вэ, Ардчилсан намд ардчилалд харш цөөнгүй хүн бий. Баруун төвийн үзэл баримтлалын эсрэг үзэл бодолтой гишүүд ч байгаа. Гэхдээ тэр болгоныг хөөвөл Ардчилсан нам ардчилалгүй нам болно. Жоомоо алах гээд гэрээ шатаачихаж болохгүйг Л.Гантөмөр мэднэ.

Хэрэвзээ, АН-ыг “шатаачихвал” Монголын ардчилал юу болох вэ? Энэ ганц асуултын хариулт түүнийг зарим нэгэнд маш муу, зарим нэгэнд маш бөөрөнхий хүн болгож харагдуулдаг нь худлаа биш.

Магад, Л.Гантөмөрөөс өөр хүн байсан бол АН арав байтугай хуваагдах хэрүүл, талцал өнгөрсөн хугацаанд цөөнгүй гарсан. Нүдээ аниад урагшлахаас өөр сонголт түүнд мэдээж байгаагүй. Гэхдээ энэ нь тэр эр зориггүйдээ, ичиж айсандаа биш байх.

Тиймдээ ч журмын нөхрийнхөө зул асаасан зурагны өмнө тэсэрсэн байх, тэвчиж явсан нулимс нь гарсан байх. АН-ын дарга болохоос Л.Гантөмөр амьд хүн шүү дээ. Урагдана, хямарна, өвдөнө, тэсэрнэ..

Ардчиллыг дэмждэг, эрх чөлөөг эрхэмлэдэг болгон  өнөөдөр түүний зүг харж байна, алдаа оноог нь дэнсэлж байна. Учир нь, тэр өнөөдөртөө Монголын ардчилал, монголчуудын эрх чөлөөний ЦЭНХЭР ТУГ болсон.

…Бүлээн наран элчээрээ

Бээрсэн толгодыг гэсгээнэ

Бэлгэдлийн хонх нь эгшгээрээ

Нойрноос бүгдийг сэрээнэ

Өглөө намайг сэрээсэн

Өнгөлөг хонхны дуу

Өртөөлөнхөн цуурайтсаар

Өргөн талыг туулаарай

Аяа бэлгэдлийн минь хонх

Бидний хүслийг түгээгээрэй

Хонхны дуу хүслийг түгээ түгээ

Хонхны дуу зоригийг бадраа

Хонхны дуу хүслийг түгээ түгээ

Хонхны дуу зоригийг бадраа…

АН-ЫН ДАРГА Л.ГАНТӨМӨР


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин