• Эхлэл
  • Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын бага хурлыг зохион байгуулахад эрдэмтдийн оролцоог хангана

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын бага хурлыг зохион байгуулахад эрдэмтдийн оролцоог хангана

2026/02/04

Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг энэ оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна.

Тус хурлын бэлтгэл ажлын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, ШУА-ийн Геологи, газарзүй, байгаль орчны салбарын Бага чуулган, ШУА-ийн Хими, биологийн салбарын Бага чуулган, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, COP17 бага хурлыг зохион байгуулах ажлын алба хамтран “COP17-Эрдэмтдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав.

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэн энэ үеэр хэлэхдээ, тус хэлэлцүүлэг нь COP17 бага хурлыг амжилттай зохион байгуулахад эрдэмтэн судлаачдын хувь нэмрийг нэмэгдүүлэх, шинжлэх ухааны салбарын үүрэг, оролцоог тодотгох, цөлжилт, газрын доройтолтой холбоотой судалгааны дүнг танилцуулах зэрэг зорилгыг агуулж буй болохыг онцлов.

Тэрбээр цааш хэлэхдээ, “COP17 бага хурлаар газрын доройтол, цөлжилттэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Байгалийн энэхүү сөрөг үйл явцыг хэрхэн үр дүнтэй бууруулах вэ буюу ялангуяа, монголчуудын амьдралд хүндээр тусаж буй үйл явцыг олон улсын түвшинд хэлэлцэж, оновчтой шийдлүүдийг боловсруулахад асуудал чиглэж буй. Манай хүрээлэнгийн хувьд дээрх чиглэлийн судалгааны ажлыг хангалттай хийсэн. Тухайлбал, цөлжилт болон ойн судалгааны салбарын судлаачид маань цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлд хэд хэдэн технологийг амжилттай туршаад байна. Үүнд, механик болон биологийн нөхөн сэргээлт, бусад гэсэн арга технологийг нэрлэж болох байна. Эдгээр арга технологийг төр засгийн дэмжлэгтэйгээр аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд томоохон газар нутгийг хамарсан байдлаар, магадгүй нэг аймаг, нэг бүс нутгийг сонгон хэрэгжүүлэх бололцоотой” гэлээ.

Ахлах шинжээч С.Саруулухаанаас COP-17 бага хурлыг үр дүнтэй зохион байгуулахад эрдэмтдийн оролцоог хэрхэн хангаж байгааг тодруулсан юм. Тэрбээр, "Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17)-ыг зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хорооны дэргэд 12 дэд хороог байгуулсан. Тэдгээр 12 дэд хорооны нэг болох Хамтын ажиллагааны дэд хорооны нарийн бичгийн даргаар миний бие ажиллаж байна. Манай дэд хорооны хувьд 5 бүлгийнхний оролцоог нь дэмжихэд төвлөрч ажилладаг. Үүнд, эрдэмтэн судлаачдын оролцоог хангах явдал юм. Энэхүү ажлын хүрээнд өнгөрсөн онд сар бүр эрдэмтдийн өглөөний уулзалтыг зохион байгуулсан. Он гарсаар 14 хоног тутамд эрдэмтэд уулзаж, газрын доройтол, цөлжилттэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж буй. Эдгээр уулзалтын үр дүнгээр зөвлөмж боловсруулж, бодлого тодорхойлогчид болон Үндэсний хороонд хүргүүлэх юм” хэмээн ярилаа.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна