
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж буй оюутнуудын дунд шилдэг илтгэл шалгаруулах “Илгээлтээс эхлэлтэй-Ирээдүйн хөгжил” эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Номын санд 2026 оны хоёрдугаар сарын 1-нд цахимаар зохион байгууллаа.
Хуралд “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж буй оюутнууд Монгол Улсад тулгамдаж буй асуудлуудын шийдлийг эрэлхийлсэн бодит судалгаа, тооцоонд үндэслэн шинэлэг шийдэл, оновчтой саналыг тусгасан илтгэлүүд танилцуулав.
Нэгдүгээр байрт, “Авто замын гадаргуугийн усны менежментийг ногоон дэд бүтцийн шийдлээр оновчлох нь” сэдвийн хүрээнд ХБНГУ-ын Дрездений Техникийн их сургуульд суралцаж буй У.Батчимэг Улаанбаатар хотод ХБНГУ-ын Дрезден хотын “Ус шингээдэг хот” туршлагыг нутагшуулах шийдлийг дэвшүүлсэн илтгэлээрээ шалгарав.
Оюутан У.Батчимэгийн судалгааны онцлог нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5-р хорооны жишээн дээр тулгуурлажээ. Тэрбээр тус бүсэд бороо орох бүрд ус тогтож, үерлэх, улмаар шавар шавхай үүсэж, зам тээвэр болон орчны эрүүл ахуйд сөргөөр нөлөөлдгийг олж харжээ.

Мөн тэрбээр Германы “ус шингээдэг хот” концепцод тулгуурлан, Улаанбаатар хотын уур амьсгал, аадар борооны онцлогт тохируулсан тооцоолол хийжээ. Тухайлбал, Улаанбаатар хотын аадар борооны эрчим, асфальтан замын урсацын коэффициент, урсаж буй усны дээд хэмжээг тооцоолж гаргасан байна. Үүний үндсэн дээр хайрган шингээх системд 63 м³, хуванцар блокон системд 23 м³ эзлэхүүн шаардлагатайг тооцоолж, замын хажуугийн талбай хязгаарлагдмал нөхцөлд хуванцар модуль блок хамгийн оновчтой гэдэг дүгнэлтэд хүрчээ.
Мөн ус шингээх чадвар сайтай бургас, хайлаас, тэхийн шээг зэрэг Монголд ургах боломжтой модлог ургамлуудыг тавьж, ногоон байгууламжтай хослуулах нь эдийн засгийн хувьд бетон хоолой, насос бүхий ус зайлуулах системээс 30-40 хувиар хямд, замын эвдрэл багасаж, засвар үйлчилгээний зардал буурах, гадна үзэмжийн хувьд ногоон байгууламж болж харагдана гэсэн давуу талуудыг тооцжээ.
Иймд түүний ажил нь Монголын нөхцөлд тохирсон бодит тооцоо, судалгаа, эдийн засгийн үнэлгээтэй байснаараа 1-р байрт шалгарсан гэдгийг Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал тодотгов.
Мөн Шотландын Глазгоугийн их сургуулийн оюутан Т.Санждулам У.Батчимэгийн илтгэлтэй төстэй боловч өөр орчин, жишээн дээр тулгуурласан судалгаатай, бодит шийдэл дэвшүүлсэн юм.
Т.Санждуламын Монгол-Шотландын жишээг харьцуулсан судалгаа нь хоёр оронд хоёуланд нь хур тунадас нэмэгдэж байгаа ч ус зайлуулах арга барил ялгаатайг онцолсон байна. Тэрбээр зөвхөн борооны ус зайлуулах хоолойгоор асуудлыг бүрэн шийдэх боломжгүй, усыг газар дээр нь шингээж, урсгалыг удаашруулах байгальд ээлтэй, шинэлэг шийдлүүд зайлшгүй хэрэгтэй гэж дүгнэжээ.

Тухайлбал, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн ердөө 26 хувь нь ус зайлуулах системд бүрэн холбогдсон нөхцөлд үлдсэн бүсэд анхнаасаа байгальд суурилсан шийдлийг нэвтрүүлэх шаардлагатайг онцолсон юм. Үүнд:
- Rain garden /ус шингээх хонхор ногоон талбай/,
- Урсгалыг удаашруулах ногоон бүс,
- Орчны нөхцлөөс хамаарсан өөр өөр хувилбар гэсэн шийдлийг судалж, хаана аль нь тохирохыг тайлбарласан байна.
Эдгээр оюутны судалгааны гол санаа нь борооны усыг ганц хоолойгоор хурдан зайлуулах бус, газарт шингээж, байгальтай зохицсон байдлаар удирдах гэсэн зарчимд тулгуурлажээ. Зам дээр ус тогтож, авто машинд хохирол учруулах, үерийн дараах шавар шавхай, эрүүл ахуйн эрсдлийг Европын туршлагаар шийдэх боломжтойг тэд судалжээ. Мөн оюутнууд эх сурвалжаа тодорхой дурдсан, эшлэлтэй, тооцоо судалгаанд тулгуурласан байдлаар ажилласан нь тэднийг судалгаатай бичих шинжлэх ухааны арга барилд суралцаж байгааг харуулж байна.
Санхүүгийн боловсролын асуудалд чиглэсэн санаачилга
Дэлхийн шилдэг 100-д багтдаг Их Британийн Бристолын их сургуульд эдийн засаг, санхүүгийн менежмент, менежмент-маркетингийн чиглэлээр суралцаж буй О.Азбилэг, П.Зоригзуунай нарын “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн төгсөгчдийн оролцоонд тулгуурлан ЕБС-ийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох боломж, шийдэл” сэдэвт илтгэл хоёрдугаар байрт шалгарсан юм. Тэд судалгааныхаа явцад Монгол Улсад ЕБС-ийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох тогтолцоо шаардлагатай байгааг тогтоож, олон улсын туршлага, сургалтын арга зүй, оролцоонд суурилсан сургалтын хэлбэрүүдийг судалж, санхүүгийн боловсрол нь зөвхөн хувь хүний амьдралын суурь чадвар төдийгүй нийгмийн тогтвортой хөгжилд чухал нөлөөтэй гэдгийг онцолжээ.
Монгол Улсын санхүүгийн боловсролын түвшин Зүүн Азийн дунджаас хоёр дахин бага байгаа судалгаанд үндэслэн тэд санхүүгийн боловсрол сул байгаа шалтгаан, иргэдийн зээлийн хэрэглээ, санхүүгийн зан төлөв зэрэгт дүн шинжилгээ хийж, шийдлийн хувилбаруудыг боловсруулсан байна.
Шийдлийн гол санаа нь “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн төгсөгчид аймаг бүрт тархан ажиллаж байгаа давуу талыг ашиглан ЕБС-ийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох жишиг тогтолцоо бий болгох боломжтой гэж үзжээ.
Ингэхдээ аймаг, бүс бүрийн санхүүгийн боловсролын түвшинг харьцуулсан судалгаанд үндэслэн хэрэгжилтийн загварыг боловсруулж, үүнийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх боломжийг тооцсон байна.
Тэд Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк зэрэг байгууллагатай хамтрах боломж, нутагшуулах нөхцөлийг ч урьдчилан судалжээ. Цаашлаад энэ тогтолцоо бүрдвэл зөвхөн санхүүгийн боловсролоор хязгаарлагдахгүй, хэлний боловсрол, байгалийн ухаан, технологийн боловсрол зэрэг бусад чухал ур чадварыг ч мөн “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн төгсөгчдөөр дамжуулан олгох боломжтой гэж үзсэн нь том давуу тал юм.
Сэтгэцийн эрүүл мэндэд чиглэсэн инновацын санал
Бүгд Найрамдах Польш Улсын Визжагийн их сургуулийн төгсөгч Е.Цэвэлмаа, Т.Мөнгөнзул нарын “Соёлын биет бус өвийг дижитал платформтой уялдуулан Монгол Улс дахь сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих шинэ хандлага” сэдэвт илтгэл гуравдугаар байрт шалгарсан юм.
Тэдний судалгаа сэтгэцийн эрүүл мэнд, тэр дундаа сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, стрессийн эмгэгийн нэмэгдэж буй хандлагаын талаар хөндсөн байна. Ингэхдээ дэлхий дахинд болон Монгол Улсад хийсэн судалгаанд тулгуурлан насанд хүрэгчдийн 18.3 хувь нь тархины хэт ачаалалтай, 9.9 хувь нь сэтгэл түгшилттэй, 4.9 хувь нь сэтгэл гутралтай байгаа талаарх статистик мэдээллийг гаргаж тавьжээ.

Мөн сэтгэл зүйн аппликэйшнүүд хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар гадаадын судалгаануудыг ашиглан шинжилгээ хийсэн байна. Судалгаагаар аппликэйшнүүд богино хугацаанд эерэг нөлөө үзүүлдэг ч хэрэглэгчдийн тууштай хэрэглээ маш бага буюу 10-15 хоногийн дараа 3.9 хувь нь үргэлжлүүлэн ашиглаж байгаа нь тогтоогджээ.
Иймд тэд аппликэйшнийг хэрэглэгчдэд тууштай хэрэглүүлэх арга зам, сэтгэл зүйн дэмжлэгийн үр нөлөөг нэмэгдүүлэх боломж гэсэн хоёр үндсэн асуудлыг дэвшүүлсэн байна.
Шийдлийн хувьд монголчуудын уламжлалт соёл, өв уламжлалд тулгуурласан хэлбэрийг ашиглах санал дэвшүүлснээрээ онцлогтой. Тухайлбал. хөөмий, уртын дуу, ардын сургаал, аман зохиолыг орчин үеийн аппликэйшнтэй хослуулан ашиглавал сэтгэл зүйн эерэг нөлөө илүү нэмэгдэх боломжтой гэж үзсэн байна. Ингэснээр үндэсний өв соёл болон орчин үеийн технологийг уялдуулж, монгол хүний сэтгэл зүйд илүү нийцсэн, үр дүнтэй шийдэл бий болгох, улмаар сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг бууруулах, илүү сайхан ирээдүйг бүтээхэд чиглэсэн шинэлэг санаачилгыг гаргажээ.
Оюутнуудын дэвшүүлсэн бодит судалгаанд суурилсан шийдэл
Баянхонгор аймгийн уугуул, ИБУИНХУ-д барилгын инженерийн чиглэлээр суралцаж буй, энэ жил төгсөх курсийн оюутан Э.Аззаяа өөрийн судалгааны санааг танилцуулав. Тэрбээр тухайн санаагаа бодит нөхцөлд тулгуурлан хөгжүүлж, Баянхонгор аймагт хэрэгжүүлэх боломжтой шийдэл болгон боловсруулжээ.
Түүний судалгаа тус аймагт шинээр бий болж буй суурьшлын бүсүүдийг орчин үеийн, тогтвортой хөгжлийн зарчимд нийцүүлэн төлөвлөх зорилготой.
Энэ хүрээнд тэрбээр Их Британийн Бристол хотын хот төлөвлөлт, эрчим хүчний хэмнэлтийн тэргүүн туршлагыг судалж, Монголын нөхцөлд нутагшуулах боломжийг эрэлхийлсэн байна.
Тэрбээр шинээр барих барилга байгууламжид газрын дулааны эх үүсвэрийг ашиглах, шинэ барилга, орон сууцыг анхнаас нь газрын дулааны системд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй байдлаар төлөвлөх нь урт хугацаанд эдийн засаг, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзжээ.

Одоогийн ашиглаж буй барилга байгууламжийн дулаалгын асуудлыг шийдэх, байгаа барилгуудын дулаалгыг сайжруулснаар эрчим хүчний алдагдлыг бууруулж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих боломжтойг судалгаагаар харуулсан байна. Ингэснээр тэрбээр “шинэ барилгыг дэвшилтэт технологид суурилуулж, хуучныг оновчтой дулаалгаар шинэчлэх” гэсэн бодитой, хэрэгжихүйц шийдлийг дэвшүүлжээ.
Харин Бүгд Найрамдах Польш Улсын Визжагийн их сургуульд суралцаж буй оюутан О.Мөнхзул боловсролын салбар, тэр дундаа мэргэжил сонгох асуудлын талаар судалгаа хийжээ. Тэрбээр оюутан солилцооны хөтөлбөрөөр Франц улсад нэг семестр суралцах хугацаандаа сонирхолтой туршлагыг ажигласан байна. Тухайлбал, Францад 9-10 дугаар ангийн сурагчид заавал сурагч солилцооны хөтөлбөрт хамрагддаг, мөн 1-2 долоо хоногийн хугацаатай ажиглалтын дадлагыг заавал хийдэг нь сурагчдад мэргэжлээ зөв сонгоход бодитой дэмжлэг болдог байна.
Үүнд үндэслэн тэрбээр мэргэжил сонгохдоо ажлын байран дээр ажиглалтын дадлага хийх тогтолцоог нэвтрүүлэх, сурагчид бодит ажлын орчинд очиж, тухайн мэргэжлийн өдөр тутмын үйл ажиллагааг харснаар мэргэжлээ илүү ухамсартай, бодит ойлголттой сонгоно гэж үзжээ.
Мөн хот, хөдөөгийн сурагчдын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх санал дэвшүүлжээ. Сурагч солилцоо гэхээр зөвхөн гадаад улс руу бус, хот, хөдөөгийн хооронд харилцан солилцоо хийх нь боловсролын ялгааг бууруулах, орчин, соёлын ялгааг биеэр мэдрэх, харилцан суралцах боломжийг бий болгоно гэж дүгнэсэн байна.
Хотын хүүхэд хөдөөд очиж, хөдөөгийн хүүхэд хотод суралцсанаар бие биедээ бодит нөлөөлөл үзүүлж, цаашид гадаадад суралцах, нийгэмд дасан зохицох чадвар нь илүү тэнцвэртэй болох боломжтойг онцолсон байна. Энэ төрлийн хөтөлбөр Герман зэрэг улсад амжилттай хэрэгждэг жишээ ч байдгийг судалгаандаа тусгажээ.
Дээрх хоёр оюутны судалгаанаас харахад тэд бодит туршлага, олон улсын жишээгээр Монголын нөхцөлд нийцсэн, хэрэгжих боломжтой шийдлийг дэвшүүлсэн нь онцлог байлаа. Ийм төрлийн илтгэл нь оюутнуудын судалгааны чадавх, нийгмийн асуудлыг шийдэх сэтгэлгээг тодорхой харуулж чадсан сайн жишээ юм.
АНУ-ын Пенсильванийн их сургуулийн оюутан А.Азжаргал Монголын 9-12 дугаар ангийн сурагчдын дунд зайнаас түүвэр судалгаа хийж, эцэг эхийн зөвшөөрөлтэй нийт 49 хүүхдийг хамруулжээ Судалгаанд оролцогчдыг гарал үүсэл, сургуулийн орчноор нь ялган авч үзэхэд, 18 нь хотын захын 10 дугаар ангийн сурагч, 21 нь нэр хүндтэй сургуулийн сурагчид байжээ.
Судалгааны хүрээнд “Хичээлийн үеэр номоос хуулж бичих дадал хэр түгээмэл байдаг вэ?” гэсэн асуултыг тавихад 78.9 хувь нь номоос хуулж бичиж байсан гэж, 62.5 хувь нь сургалтын явцад бэлэн эх сурвалжаас шууд хуулж бичиж байсан гэж хариулсан байна. Энэ нь хичээлийг ихэвчлэн нэг чигийн, хуулбарлах хэлбэрээр заадаг бодит байдлыг харуулж байна.

Гэтэл код бичих мэдээлэл зүйн хичээл нь өөрөө сурагч тухайн ойлголтыг бие даан ойлгож, дадлага хийж байж эзэмших ёстой байдаг. Иймээс мэдээлэл зүйн хичээл одоогийн байдлаар хангалттай үр дүнтэй явагдахгүй байна гэсэн судалгааны дүгнэлтэд хүрчээ. Тэрбээр шийдэл болгон аппликэйшнд суурилсан, алхамчилсан сургалтын хэлбэрийг санал болгож байна.
Тус сургалт нь суурь ойлголтоос эхлэн логик, кодын үндсийг тайлбарлах, алхам бүрийг ойлгомжтой заах, алдааны шалтгааныг шууд тайлбарлах, даалгавар шалгах, зөвлөгөө өгөх системтэй байх, сурагчийн ахиц дэвшлийг харуулж, урамшуулах онцлогтой юм. Түүнчлэн хичээлийн хугацааг өдөрт 5-10 минут байхаар төлөвлөж, бага багаар шатлан ахих нь сурагчдын сонирхол, оролцоог нэмэгдүүлнэ гэж үзжээ. Мөн энэхүү сургалтыг монгол хэлээрх аппликэйшн хэлбэрээр хөгжүүлснээр илүү хүртээмжтэй болно хэмээн дүгнэсэн байна. Зөвхөн багшийн хичээл заахад найдахаас илүүтэй багшийн сургалтыг дэмжих, бие даан суралцах боломж олгох ухаалаг аппликэйшн хэрэгтэйг уг судалгаа харуулжээ.
Хуванцар хог хаягдлыг бууруулах Европын туршлагыг Монголд нэвтрүүлэх боломж
Түүнчлэн байгаль орчин, экологийн асуудлыг хөндсөн буюу хуванцар хог хаягдлыг дахин ялган цуглуулах, буцаан авах, боловсруулах асуудлаар Австралийн Сиднейн их сургуульд суралцаж буй Э.Дөлгөөн, Унгарын Депрецений их сургуулийн оюутан Б.Мишээл, Чехийн техникийн их сургуулийн оюутан Г.Балжинням нар ижил төстэй сэдвээр судалгаа хийснээ мөн танилцуулав. Энэ нь гадаадад суралцаж буй монгол оюутнууд нийгэмд тулгамдаж буй бодит асуудлыг олж харж, түүнд шийдэл эрэлхийлж байгааг харуулж байна.

Байгальд задрал багатай хуванцар хог хаягдал хөдөө орон нутагт их хэмжээгээр хуримтлагдаж, байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг. Тухайлбал, хуванцар сав, лааз зэрэг ахуйн хог хаягдал байгальд бүрэн задарч уусахад олон зуун жил шаардлагатай нь экосистемд урт хугацааны эрсдэл үүсгэдэг билээ.
Оюутнууд энэхүү асуудлыг бодитоор ажиглаж, Европын орнууд хуванцар болон сав, лаазны хог хаягдлыг хэрхэн шийдэж байгааг судлан, уг шийдлийг Монгол Улсад нэвтрүүлэх санал дэвшүүлжээ.
Судалгааны үр дүнд Европын олон оронд барьцаат буцаан авах систем амжилттай хэрэгжиж байгааг тэд онцолж байна. Европын орнуудад хуванцар сав, лаазтай бүтээгдэхүүнийг худалдах үед тодорхой хэмжээний барьцаа мөнгийг нэмж тооцдог. Хэрэглэгч тухайн сав, лаазыг зориулалтын автомат машинд буцаан тушаахад барьцааны мөнгийг буцаан олгодог ажээ. Ингэснээр хэрэглэгчид хог хаягдлаа хаяхгүй, харин буцаан өгөх сонирхолтой болдог байна.

Герман, Литва, Норвеги зэрэг оронд энэхүү системийг нэвтрүүлэхээс өмнө сав, лаазны буцаан авалт 30-80 хувьтай байсан бол систем нэвтрүүлсний дараа 90 хувиас дээш түвшинд хүрсэн байна. Буцаан авалтын автомат машинууд санхүүгийн хувьд өөрөө өөрийгөө нөхөх боломжтой, дахин боловсруулах үйлдвэрүүд түүхий эдээ тогтвортой, тодорхой механизмаар татан авах нөхцөл бүрдсэн нь давуу тал юм.
Монгол Улсад хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийн тулгамдсан гол асуудал нь түүхий эдийн тогтвортой эх үүсвэр дутагдалтай байгаа явдал. Харин барьцаат буцаан авах системийг нэвтрүүлснээр байгаль орчинд хаягдах хог хаягдлын хэмжээ мэдэгдэхүйц буурч, дахин боловсруулах үйлдвэрүүд түүхий эдээ тогтмол, зохион байгуулалттай авах боломж бүрдэн тойрог эдийн засгийн бодит загвар бий болно.
Судалгаанд хамрагдсан орнуудад энэхүү системийг нэвтрүүлэхэд дунджаар 2-4 жил шаардлагатай байсан бол анхны хөрөнгө оруулалтын өртөг ихэсдэг ч 3-7 жилийн дотор бүрэн нөхөгдөж байгааг тогтоожээ. Жишээлбэл, Унгар улс 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс уг системийг албан ёсоор нэвтрүүлж, нэг хуванцар саванд ойролцоогоор 500 төгрөгтэй тэнцэх барьцаа тооцож, буцаан эргэлтэд оруулж байна.
Оюутнуудын дэвшүүлж буй гол санаа нь Монгол Улсад хуванцар хог хаягдлын асуудлыг богино хугацаанд бодитой шийдэх боломжит гарц нь барьцаат буцаан авах системийг нэвтрүүлэх явдал гэж үзэж байна. Энэ нь зөвхөн хог хаягдлыг бууруулаад зогсохгүй, дахин боловсруулах салбарыг эдийн засгийн хувьд тогтвортой хөгжүүлэх, байгальд ээлтэй хэрэглээний соёлыг төлөвшүүлэх цогц шийдэл юм.

Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, “Оюутнуудын дэвшүүлж буй санаа, шийдлийг бодитоор хэрэгжүүлэх боломж нөхцөл манай улсад хангалттай бий. Хүүхдүүд маань өөрсдийн сурч буй мэргэжил, эзэмшиж буй мэдлэг дээрээ тулгуурлан бодит асуудлыг олж харж, түүнд тохирсон санал дэвшүүлж байгаа нь чухал юм. Тэд хүрээлэн буй орчин, мэдээллийн аюулгүй байдал, хот байгуулалт, санхүүгийн боловсрол, эрүүл мэндийн салбарт чиглэсэн шийдлүүдийг гаргаж ирж байна. Аливаа санаа цаасан дээр үлдэх вий гэсэн болгоомжлол байдаг. Гэхдээ энэ удаад тийм эрсдэл харьцангуй бага байна. Тухайлбал, нэгдүгээр байрт шалгарсан оюутны санааг Улаанбаатар хотын ерөнхий архитектор өөрийн биеэр сонсож, “хэрэгжих бүрэн боломжтой шийдэл” хэмээн үнэлж, цаашид хамтран ажиллах санал тавьсан. Иймээс тухайн оюутан санаагаа гүнзгийрүүлэн судалж, төсөл болгоод нийслэлтэй хамтран хэрэгжүүлэх боломж нээгдэж байна. Үүнтэй адил санхүүгийн боловсролын чиглэлээр дэвшүүлсэн санаанууд ч шууд хэрэгжүүлэх боломжтой. Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк зэрэг байгууллагын зорилготой уялдсан эдгээр санаачилгыг зөвхөн холбож өгөөд, хамтын ажиллагааны суурь тавихад л хангалттай. Оюутнууд маань өөрсдөө санаачилга гаргаж, “бид ингэж ажиллая” гэж ирж байгаа нь маш чухал мессеж юм. Мөн эрүүл мэндийн салбарт дэвшүүлсэн шийдлүүдийг эрүүл мэндийн байгууллагуудтай холбож өгч, бодит хамтын ажиллагаа үүсгэх боломжтой. Ингэснээр оюутнууд гадаадад суралцаж байх хугацаандаа олж харсан асуудлаа улам гүнзгий судалж, хэрэгжүүлэх механизм, байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллахаа ойлгож эхэлнэ. Хамгийн чухал нь, эдгээр оюутан 2026 онд төгсөөд эх орондоо ирэхдээ аль хэдийн холбогдох байгууллагуудтайгаа холбоо тогтоосон, санаагаа төслийн түвшинд бэлдсэн, хэрэгжүүлэх бэлэн болсон байдалтай ирнэ гэсэн үг. Ингэснээр тэдний санал санаачилга цаасан дээр үлдэх бус, бодит амьдрал дээр бууж, нийгэмд үр өгөөжөө өгөх боломж бүрдэнэ” хэмээн онцоллоо.





Сэтгэгдэл байхгүй байна