Монголбанк:100 ам.метрт зээл олгохгүй
Засгийн газар:Олгоно
Ийм эсрэг, тэсрэг байр суурийг Монголбанк болоод Засгийн газар илэрхийлж байна. Хэдхэн хоногийн өмнө Барилга, хот байгуулалтын яамнаас 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн журмыг өөрчилснөө мэдэгдсэн бол үүний араас уг журмыг Монголбанктай хамтран гаргаагүй болохыг мэдэгдсэн. Тухайлбал, 8 хувийн зээлийг өмнө 80 ам.метр хүртэл талбайтай орон сууцанд олгож байсныг 100 ам.метр болгон өөрчилж байгаа гэсэн бол Монголбанк үүнийг үгүйсгэсэн.
Харин өчигдрийн /2016.09.28/ Засгийн газрын хуралдаанаар ипотекийн зээлийг 100 ам.метр хүртэл талбайтай орон сууцанд олгохоо албан ёсоор зарлалаа. Одоо Монголбанк яах бол? Засгийн газраас хараат бус байх ёстой жишиг дүрэм, эдийн засгийн нөхцөл байдлаа дагах уу? Засгийн газрын даалгаврыг чимээгүй дагах уу?
Нөхцөл байдлыг юу гэж тайлбарласан бэ?
Иргэдийн хамгийн их хүлээж байгаа зүйл бол мэдээж ипотекийн зээл цаашид хэвийн үргэлжлэх эсэх? Ипотекийн зээл хэвийн явж байгаа гэх боловч шинээр гаргасан зээлийн хүсэлтүүд ерөнхийдөө банкууд дээр хав дарагдаад чамгүй хугацаа өнгөрөөд байгаа. Тайлбар нь-зээлийн санхүүжилт зогссон.
Харин Монголбанкнаас уржигдар буюу есдүгээр сарын 27-нд 5-8 хувийн зээлийн 190 орчим тэрбум төгрөгийн зээл хүлээлтийн байдалд байгаа. Үүнд 5 хувийн зээлийн 92 тэрбум орчим төгрөгийн хүсэлтийг хоёр таслан санхүүжүүлнэ гэсэн.
Харин 8 хувийн зээлийн зарим хэсгийг банкууд дээр ашиглагдаагүй байсан эх үүсвэрийг “шахах”, банкууд өөрсдийн эх үүсвэрээр олгосон зарим хэсгийг төв банкнаас санхүүжүүлэх байдлаар шийдвэрлэнэ. Гэхдээ хэрвээ 100 ам.метр хүртэл талбайтай орон сууцанд зээл олгохоор болох юм бол хүлээгдэж буй 8 хувийн зээлийг санхүүжүүлэх боломжгүй гэж байсан юм. Өөрөөр хэлбэл 5 хувийн хүүтэй зээлийн санхүүжилт асуудалгүй, 8 хувийнх эргэлзээтэй гэсэн үг.
Харин одоо Засгийн газар ийн Монгол банкны эсэргүүцээд байгаа шийдвэрийг гаргаснаар байдал хэрхэн өөрчлөгдөх юм бол доо?
А.Ану
Сэтгэгдэл байхгүй байна