Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнууд өнөөдөр /2016.10.05/ өөрийн орны Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газраар дамжуулж цахим хурал хийлээ.
Дэлхийн банк Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн үзүүлэлтийг судалж, жилд хоёр удаа тайлан гаргадаг.
Тэгвэл эхний хагас жилийн тайлан бэлэн болсон тул өнөөдрийн цахим хурлыг хийсэн юм.
Мөн энэ үеэр Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудад Дэлхийн банк дараах зөвлөгөөг өгөв. Үүнд:
Нэгдүгээрт, Хятад улсын хувьд өнгөрсөн хугацаанд орон нутагт төрийн үйлчилгээг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулахад олсон ололт амжилтаа хадгалах, ялангуяа хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг бууруулахад анхаарах.
Хоёрдугаарт, бүс нутгийн бусад орны хувьд төсвийн зардлыг тэнцвэржүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх, улсын хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах замаар дэд бүтцээ сайжруулах шаардлагатай.
Гуравдугаарт, олон хүнийг хамарч буй хоол хүнсний дутагдлыг багасгахад бодлого боловсруулагчид анхаарал хандуулах шаардлагатай. Энэ бүс нутгийн олон оронд хангалттай хэмжээний тэжээллэг хоол хүн хэрэглэж чадахгүй байгаа хүүхдийн хувьд ядуу өрхүүд төдийгүй чинээлэг өрхүүдэд ч өндөр төвшинд байгаа нь эрүүл мэндийн ноцтой асуудал үүсгэх эрсдэлтэй юм. Уг тайлан нь бүс нутгийн орнуудын хувьд бага насны хүүхдийн хөгжлийн хөтөлбөр тэжээллэг хоол хүнсээр хангах арга хэмжээ авахыг зөвлөжээ.
Дөрөвдүгээрт, санхүүгийн үйлчилгээг сайжруулахад технологийн дэвшлийг ашиглах, санхүүгийн салбарын дархлааг сайжруулахад анхаарахыг зөвлөжээ. Уг бүс нутагт технологийн салбар өндөр хөгжсөн тэр дундаа үүрэн телефоны салбар өндөр хөгжсөн. Энэ дэвшлийг санхүүгийн үйлчилгээнд түлхүү ашиглахад анхаарах шаардлагатай. Санхүүгийн салбарын хөгжлийн үр шимийг иргэд хүртэхийн тулд бүс нутгийн орнууд хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хэрэглэгчийн эрх ашгийг бэхжүүлэхэд анхаарах нь зүйтэй гэж зөвлөв.
Сэтгэгдэл байхгүй байна