Улаанбаатар хотноо болж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д зориулж “COP17” дурсгалын шуудангийн маркийг өнөөдөр гүйлгээнд гаргалаа.
Шинэ маркийг нээх ёслолд Олон улсын байгаль хамгаалах холбоо, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сан, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг байгууллагын төлөөлөл оролцон, Монгол маркийн музейд хадгалах дугтуйнд гарын үсэг зурж, тусгай дардас дарав.
Монгол Улсын шуудангийн гүйлгээнд шинээр гарч буй 1219 дэх энэхүү маркийн гол дүрслэлд дэлхийд зөвхөн Монголын говьд тархан нутагладаг нэн ховор мазаалай буюу говийн хүрэн баавгайг бамбаруушийн хамт дүрсэлжээ. Энэ нь Монгол орны биологийн олон янз байдал, говь цөлийн эмзэг экосистемийг хамгаалах шаардлага, ач холбогдлыг илэрхийлжээ.
Түүнчлэн маркийн загварт COP17-гийн албан ёсны лого, сэргээн ургаж буй ургамлыг дүрсэлсэн нь газрын доройтлыг багасгах, цөлжилттэй тэмцэх, доройтсон газрыг нөхөн сэргээх үйл хэргийг бэлгэдэж байна.

Арван мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 30х40 мм хэмжээтэй “СОР17” марк нь нэг хэлхээнд 8 марк багтаж байгаа. Маркийн зураачаар Б.Баярхүү, дизайнераар Ж.Ганхуяг ажилласан. Маркийг FSC Recycled Credit гэрчилгээтэй дахин боловсруулсан цаасан дээр дөрвөн өнгийн офсет литографийн аргаар хэвлэсэн нь байгалийн нөөцийг хариуцлагатай ашиглах, байгальд ээлтэй хэрэглээг дэмжих COP17-гийн үзэл санаатай уялдаж буйгаараа онцлог юм.
Дурсгалын марк нь манай улсад болж буй COP17-г шуудангийн маркийн түүхэнд мөнхлөхийн зэрэгцээ Монголын говийн нэн ховор мазаалайгаар дамжуулан биологийн олон янз байдлыг хамгаалах, газрын тогтвортой ашиглалт, нөхөн сэргээлтийг дэмжих, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх дэлхий нийтийн хүчин чармайлтад нэгдэхийг уриалж байгаа ажээ.
Маркийн эх зургийн хөшгийг нээх ёслолд БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Чинюнь Диао, “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, тус компанийн Марк, үнэт цаасны газрын захирал Б.Билгүүн нар оролцлоо.


Сэтгэгдэл байхгүй байна