УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр/ 2026.08.20/ 09.00 цагаас ээлжит бусаар хуралдав. Ардчилсан намаас өнгөрсөн долоо хоногт /2026.08.13/ 4:11 мэдээллийн цагаараа Засгийн газрыг нэн даруй 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлж, ээлжит бус чуулганыг наймдугаар сардаа багтаан зарлахыг шаардаж байгаагаа мэдэгдсэн юм.
Ингээд УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн /2026.08.20/ ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
"Шийдэл гаргах үүднээс УИХ-ын тогтоолын төслийг санаачиллаа"
АН-ын дарга О.Цогтгэрэл:
-Сүүлийн үед улс төрийн нөхцөл байдал, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал ямар болж байгаа талаарх мэдээллүүд их гарах болсон. Тийм учраас Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж, тодорхой асуудлуудыг ярилцлаа. Иргэдийн орлогыг хамгаалах, эрчим хүч болон түлш шатахууны аюулгүй байдлыг хангах чиглэлээр УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Ер нь улс орны нөхцөл байдлыг харахад эрх баригчид ард иргэдэд ганцхан зүйлийг л ярьж байна. Тэдний зүгээс "Гадаад нөхцөл байдал хүнд байгаа учраас хэцүү байна" гэдгийг хэлж байна. Би ганцхан тоо яръя. Одоогоос 10 жилийн өмнө нэг тонн нүүрс 30 ам.доллар хүрэхгүй үнэтэй байсан бол нэг баррель нефть 120 ам.долларын үнэтэй байсан. Гэтэл өнөөдөр эрх баригчид гадаад нөхцөл байдал түүхэнд байхгүй таатай үед ажиллаж байна. Одоо нэг тонн нүүрс сүүлийн хэдэн жилийн туршид 100 ам.доллараас дээш үнэтэй байгаа бол нэг баррель нефтийн үнэ 170 ам.долларт хүрсэн.
Тэгэхээр ийм таатай нөхцөлд эдийн засгийн буруу бодлого явуулснаас болж улс орныг доройтуулж байна. Зөвхөн 2026 оны хоёр, гуравхан сарын дотор ард иргэдийн амьжиргаа хэд дахин буурлаа.
Үнийн өсөлт чинь нэг дахин өслөө. Улсын төсвийн орлого хоёр их наяд төгрөгөөр тасарч байна гэнэ. Үүний цаана бизнес эрхлэгчид дампуурч байна гэсэн үг. Татвар төлөгчид нь татвараа төлж чадахгүй, дампуурч байна. Мөн дээр нь Монголбанкны зүгээс бодлогын хүүгээ нэмсэн. Үүний цаана аж ахуйн нэгжүүд зээл санхүүгийн эх үүсвэргүй болж, хаалгаа барина гэсэн үг. Ийм нөхцөл байдалд орлоо. Муу засаг удах тусам юу болдгийг та бүхэн харж байна. Тиймээс бид зөвхөн шүүмжлэхгүйгээр шийдэл гаргах үүднээс УИХ-ын тогтоолын төслийг санаачилж, ээлжит бусаар УИХ-ын чуулган хуралдах ёстой.
Гуравдагч хөршөөс бензин шатахуун оруулж ирэхийн тулд тээвэр ложистикийн асуудлаа шийдэж чадсан уу. БНХАУ-аас 10 вагон шатахуун ирэхэд ачиж, буулгах анги байхгүй, тээвэр ложистик нь байхгүй. Одоогийн Ерөнхий сайд нь өмнөх Засгийн газар руугаа буруугаа чихсэн, нар, саран дээрээс ирсэн үү, өнгөрсөн 10 жил хэн засагласан юм бэ. Өнөөдрийн Ерөнхий сайд хаана явсан юм бэ. Мөн УИХ-ын дарга болон Эдийн засаг, хөгжлийн сайд нь хаана ажиллаж байв. Чухам хэнээс бурууг хайж байна вэ. АН-ын бүлгээс ямар нэгэн гарц шийдэлгүйгээр мунгинаж сууж шаардлагагүй гэж үзэж байна.
Мөн өнөөдрийн хуралдаанаар ард иргэдийн орлогыг хамгаалах үүднээс НӨАТ-ыг тав хүртэлх хувиар бууруулах ёстой зэрэг олон асуудлыг хэлэлцсэн.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
-Сүүлийн жилүүдэд бий болсон ард иргэдийн амьжиргааны өртөг, үнийн өсөлт бол олон улсын нөхцөл байдалтай холбоотой гэхээс илүүтэй өнгөрсөн 10 жилийн хугацаанд үнэмлэхүй олонхоор эрх барьсан Засгийн газрын макро эдийн засгийн алдаатай бодлогын шууд үр дүн юм. Зөвхөн 2026 оны эхний долоон сарын байдлаар Монгол Улс 12 тэрбум ам.долларын экспорт хийгээд байна. Энэ бол 44 их наяд төгрөг. Өөрөөр хэлбэл, манай гадаад зах зээл дээрх түүхий эдийн үнэ ханш ямар таатай байгааг илтгэж байна. Гадаад зах зээл дээр нүүрс, зэсийн үнэ өндөр байх үед Засгийн газар эдийн засгийн бодлогын хувьд алдаа дутагдал гаргаж, төсвөө хэт тэлж, эдийн засаг дахь төрийн оролцоог хэт нэмсний улмаас дотоод үнийн өсөлтөө дийлэхээ байгаад монголчууд бид өөрсдөө махаа худалдаж авч чадахгүй байдалд хүрсэн нь туйлын гутамшигтай. Үүн дээр шатахууны хомсдол үүссэн нь он удаан жил асуудлаа шийдэхгүй явж ирсний гор юм.
Өмнөх долоо хоногийн мэдээллээр АН-ын бүлгээс Засгийн газрыг улсын төсвийн тодотголоо яаралтай өргөн мэдүүлэх шаардлагыг тавьсан. Өнөө өглөө Ерөнхий сайд улсын төсвийн тодотгол өргөн мэдүүлснээ зарлалаа. Тэгэхээр АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, эдийн засгийн нөхцөл байдлаа хэрхэн сайжруулах вэ, хамгийн гол нь иргэдийн орлогыг хэрхэн хамгаалах тал дээр тодорхой гарц шийдлүүдийн талаар хэлэлцлээ. Иргэдийн орлогыг хамгаалах, шатахуун болон эрчим хүчний аюулгүй байдлыг хангах тухай УИХ-ын тогтоолын төслийг танилцуулж, хэлэлцүүллээ. Уг тогтоолоор гурван бүлэг асуудлыг шийдвэрлэхээр зорьж байна. Тодруулбал, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах буюу төсөв мөнгөний бодлогыг зохистой түвшинд авч явах, нэн ялангуяа 2026 оны төсвийн тодотгол дээр алдагдлыг арилгах гэсэн шаардлагыг ярилцсан. Гэтэл өнөөдөр Ерөнхий сайд улсын төсвийн тодотгол хийх хэмжээг 1.4 их наядаар бууруулна гэлээ.
Гэтэл өнөөдөр 2.4 их наяд төгрөг хүрсэн байна. Тэгэхээр 1.4 их наядын төсвийн тодотгол хангалтгүй юм. Бидний хувьд төсвийн алдагдлыг бүрмөсөн арилгаж, тодотгол хийх шаардлагыг хэлэлцлээ.
Мөн 2027 оны төсвийг хэлэлцүүлэхдээ иргэдийн орлогыг хамгаалах, ААН-үүдийнхээ татварын дарамтыг бууруулах, эдийн засгийн идэвхжлийг нэмэх зорилгоор НӨАТ-ын хувь хэмжээг таван хувь болгож бууруулах талаар тогтоолын төсөлдөө оруулж, танилцуулсан. Тиймээс Засгийн газар 2026 оны есдүгээр сарын 1-ний дотор шинэ төсвийг өргөн мэдүүлэх үүрэг хүлээсэн. Үүнтэй холбоотойгоор НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэх шаардлагыг хэлэлцэж байна. Хоёрт, шатахуун болон эрчим хүчний аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Шатахууны нөөц болон түгээлттэй холбоотой асуудалд шуурхай төлөвлөгөө баталж, иргэддээ танилцуулах ёстой. Тун удахгүй өвөл болж, эрчим хүчний доголдол эдийн засагт цохилт өгч болзошгүй. Тиймээс эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг санал болгож байгаа. Цаашид нийлүүлэлтийн шокноос сэргийлэхийн тулд тээвэр ложистик буюу дэд бүтцийн салбарт алсыг харсан ажил хийхээр ярьж хэлэлцсэн. Мөн энэ тогтоолын төсөлтэй холбоотойгоор ААН болон иргэдийн дунд хэлэлцүүлгийг ойрын хугацаанд хийнэ. Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотгол дээр баг бүрдүүлэн ажлын хэсэг гаргаж, хэлэлцэж эхэлнэ. Мэдээж, УИХ-ын дарга С.Бямбацогт ээлжит бусаар УИХ-ын чуулганыг зарлан хуралдуулж, төсвийн тодотгол болон бусад асуудлыг авч хэлэлцэх нь зүйтэй.


Сэтгэгдэл байхгүй байна