
ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд Украины дроны цохилтод өртсөөр байгаа тул дотоодын зах зээлд шатахууны хомсдол арилахгүй хэвээр байгааг "Moscow times" мэдээллээ. Зуны улирлын шатахууны хямралын хоёр дахь давалгаа эхэллээ гэж ойрын өдрүүдэд Оросын хэвлэлүүд мэдээлэх болжээ.
Шатахууны хямралтай холбоотойгоор зарим бүс нутагт худалдан авалтын хязгаарлалтыг дахин сэргээж эхлэв.
Тодруулбал, Москва болон түүний ойр орчмын бүсэд байдаг Газпром нефть компанийн шатахуун түгээх станцууд нэг хэрэглэгчид хамгийн ихдээ 60 литр бензин худалдаж эхлээд байна. Газпром нефть компани 13 бүс нутагт дээрх хязгаарлалтыг мөрдүүлж байсан ч энэ сарын эхээр түр сулруулаад байсан билээ. Түүнчлэн Татнефть компанийн Москва дахь шатахуун түгээх станцууд нэг автомашинд 50 литр бензин, 60 литр дизель түлш худалдах дээд хязгаар тогтоожээ.
Салбарын шинжээчдийн үзэж буйгаар зуны аяллын оргил үе намжих хүртэл Оросын ихэнх хэсэгт шатахууны нийлүүлэлт хомс хэвээр байх бололтой.
Шадар сайд Александр Новак өнгөрсөн сард мэдээлэл өгөхдөө дотоодын шатахууны зах зээл хэсэгчлэн тогтворжих шинж тэмдэгтэй байна гэсэн билээ. Тус улсын засгийн газар нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд бензин, дизель түлшний түр экспортын хоригийг ирэх оны эхэн хүртэл сунгажээ. Эрчим хүчний сайд Сергей Цивилёв энэ долоо хоногийн эхээр мэдээлэл өгөхдөө шатахуун түгээх станцуудын өмнө урт дараалал үүссээр байгааг хүлээн зөвшөөрсөн бөгөөд ложистикийн хүндрэлүүдийг шийдвэрлэхээр засгийн газар ажиллаж байна гэжээ.
Зарим шатахуун түгээх станц худалдан авалтын дээд хязгаарлалтаа цуцалсан ч Сибирь, Алс дорнод зэрэг бүсэд шатахууны хомсдол бүрэн арилаагүй хэвээр байна. Мөн Крымд ч шатахууны ноцтой хомсдол үргэлжилсээр байна.
Бензиний дундаж үнийн тухайд, өнгөрсөн сард оны эхэн үетэй харьцуулахад бараг 20 хувиар өссөн байдалтай байв. Харин наймдугаар сарын 10-ны байдлаар улсын хэмжээнд нэг литрийн дундаж үнэ 76.04 рубль болж бага зэрэг буурчээ.
ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES


Сэтгэгдэл байхгүй байна